Нийслэлийн Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын А/1012 дугаар  захирамжаар Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-р  байрыг  дахин төлөвлөж барихаар боллоо. Уг орон сууц нь нийслэлийн  Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн   2015 оны 12 дугаар  сарын 11-ний өдрийн 02-07-112/2051 дугаар дүгнэлтээр ашиглалтын  шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон байна.  Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Ашиглалтын шаардлага  хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн  барилгажуулах журам”-ын дагуу дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл,  үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
                    