logo
Үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх амьдарч байна

Үерийн аюултай бүсэд 2500 гаруй өрх амьдарч байна

2016/06/24
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр болж хуралдаанаар, үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр үер усны аюулаас сэргийлэх талаар Улаанбаатар хотод хийж байгаа ажлуудын тухай мэдээлэл өглөө. Тэрээр, Улаанбаатар хот орчим энэ сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орж Туул, Сэлбэ, Улиастай голын түвшин 30-40 см-ээр нэмэгдэж үерийн түвшинд байна. Борооны улмаас зарим гудамж талбайд үерийн ус хуримтлагдан хүндрэл үүссэн. Нийслэлийн Онцгой байдлын газарт  энэ өдрүүдэд үер устай холбоотой 51 удаагийн дуудлага ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Автозамын газар,  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, дүүргийн нэгж салбаруудаас нийт 180 хүн, 30 гаруй техниктэйгээр усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах, орчныг аюулгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажилласнаар хүний амь нас эрсдээгүй, айл гэр урссан тохиолдол гараагүй гэлээ. Мөн дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаанд ус орсон дуудлага эзэлж байгааг онцолсон юм. Үргэлжилэн орсон борооноор Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нийт 189 хашаа, гэр, байшин, зоорийн давхар  усанд автсан гэсэн мэдээллийг мөн өглөө.  Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны 126 айлын гэр, байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 72 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн байна. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод Салхитын 1 дүгээр гудамжны орчим автозам доогуурх ус гаргалгааны хоолойг иргэд зориудаар тагласны улмаас ус автозамд тулж хальсан. Нүхэн гарцыг Нийслэлийн Автозамын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Эрдэнэ зам” ХХК-иас нийт 22 хүн 4 техниктэйгээр ажиллан онгойлгож, айлуудын дундуур  суваг татсан. Автозамд эвдрэл үүсээгүй гэв. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 6 дугаар гудамжны ойролцоох үерийн ус зайлуулах сувгийн гаргалгаанд хог урсан ирж битүүрснээс 7 өрх усанд автсан. Дүүргийн 21,27 дугаар хорооны 32 айлын гэр байшин, хашаа, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж, 14 нүхэн жорлон, цооног усаар дүүрч халин орчны бохирдол их хэмжээгээр үүссэн гэж тэрээр таницлууллаа.

Танилцуугыг сонсоод, нийслэлийн Засаг дарга үерийн аюултай бүсэд амьдарч байгаа хэдэн өрх байгааг тодрууллаа.  

Тэрээр,  2504 өрх өнөөдрийн байдлаар үерийн аюултай бүсэд амьдарч байгаа. Манай байгууллагын зүгээс эдгээр айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмж өгч, нүүх тухай албан шаардлага хүргүүлдэг ч 60-70 хувь нь бид өөрсдөө хариуцлага хүлээнэ гэсэн хариулт өгдөг.  Мөн үер усны аюулаас  урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, суваг, шуудууд хаясан хогыг цэвэрлэх, битүүрсэн гарцыг нээх зэрэг ажлыг хийж байгаа ч  үерийн даланг хогоор дүүргэх,  чулуугаар бөглөх зэрэг хариуцлаггүй үйлдэл гаргаж байгаа иргэд цөөнгүй байна гэсэн юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас, үер болсны дараа гал унтраасан байдлаар арагцаагаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Ирэх саруудад дахин их хэмжээний бороо орох урьдчилсан төлөв байгаа учраас үерийн бүсэд байгаа айл өрхүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх   зохион байгуулалтын ямар ажил хийх нь илүү үр дүнтэйг мэргэжлийн байгуулагын хувьд судлан, дахин танилцуулах үүрэг  өглөө.

Сэтгэгдэлүүд

Дээш