logo
Цэргийн музей монголдоо анхдагч алхамуудыг хийсээр л...

Цэргийн музей монголдоо анхдагч алхамуудыг хийсээр л...

2011/10/25
Батлан хамгаалах яамны 100 жилийн oйд зориулан Монгол цэргийн музейгээс "Батлан хамгаалах яам-100" үзэсгэлэнг эрхлэн гаргаад байна. Энэ талаар Цэргийн музейн захирлын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сан хөмрөгч, мэнэжер, хошууч Л.Гантөмөртэй уулзаж ярилцахад "Энэ удаагийн үзэсгэлэн өмнө нь гарч байсан үзэсгэлэнгүүдээс нэлээд өвөрмөц гэж хэлж болно. Учир нь тус яамны бүхэл бүтэн 100 жилийн түүхийг хамруулан өгүүлж байгаа гэдэг утгаараа чухал ач холбогдолтой юм. Энэ түүхт ойн үзэсгэлэнг гаргахын тулд өргөн хэмжээний судалгаа хийсний үр дүнд зөвхөн манай Цэргийн музей төдийгүй Үндэсний түүхийн музей, Богд хааны музей, Төрийн түүхийн музей, Байгалийн түүхийн музей зэргээс холбогдох чухал үнэт ховор үзмэрүүдийг татан авч баяжуулж чадсанаараа тухайн түүхийн асуудлыг цогцоор нь харуулж чадсан гэж бодож байна.
 -Танай музей ингэхэд хэзээ байгуулагдсан бэ? Хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байж мэдэх юм?
 -Монгол цэргийн музей нь 1996 оны 3 дугаар сарын 15-нд нээгдсэн бөгөөд Монголын цэргийн түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулан хадгалж шинэчлэн баяжуулах улмаар олон нийтэд сурталчлах үүрэгтэй, судалгаа сурталчилгааны байгууллага юм. Харьцангуй шинэ музей гэж хэлж болно.
 Тус музей нь эрдэм шинжилгээ- үзүүлэг сурталчилгааны, сан хөмрөг тоо бүртгэлийн, захиргаа аж ахуйн хэсгүүдээс бүрддэг бөгөөд шинэ чулуун зэвсгийн үеэс ХХ зуун, ХХ зуунаас өнөө үеийг хүртэлх хугацаанд Монгол газар шороон дээр оршиж байсан улс гүрнүүдийн цэргийн байгуулалт, байлдах арга ухаан, зэр зэвсгийн хөгжилт, монгол цэргийн дайчин замналын тухай мэдээллүүдийг өгөх 2000 гаруй үзмэр бүхий үзмэрийн хоёр танхимаараа үйлчилж байна.
 -Миний хувьд анх удаа танайд ирж байна л даа. Үзмэрүүдийн хувьд нэлээд баялаг, ховор үзмэрүүд ч байгаа харагдлаа?
 -Тийм ээ. Одоо харж байгаа энэ зарим үзмэрүүд нь аль 20-иод жилийн тэрээ биднийг Хувьсгалын музейд ажиллаж байх үед тус музейд байсан үзмэрүүд энд байраа эзлээд байж байх жишээтэй. Тухайлбал, "Батлан хамгаалах яам-100" үзэсгэлэнг энэ оны 8 дугаар сарын 17-нд нээснээс хойш Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймаг, Эрдэнэт хотод үзэсгэлэнгээ дэлгэн үзүүллээ. Түүнчлэн ЕБС-иуд, их, дээд сургуулиудтай байгуулсан тусгай төлөвлөгөө графикийн үндсэн дэр музейгээ үзүүлж байгаа. Хамгийн түрүүнд Батлан хамгаалах их сургууль, Цагдаагийн академи, "Их засаг" дээд сургуулийн оюутнууд үзэж сонирхсон байгаа. Дунд сургуулиудаас гэвэл 97, 45, 55 дугаар сургуулийн сурагчид үүнд мөн хамрагдан зохион байгуулалттайгаар үзэж танилцсанаас гадна ганцаарчлан, биеэ дааж үзэж байгаа нь мөн олон шүү. "City tour" компани л гэхэд 10 жилийн сургуулийн сурагчдыг зохион байгуулалттайгаар нийслэл хоттойгоо танилцуулах ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа хүрээнд долоо хоног бүрийн амралтын өдрүүдээр манай музейг 500, 500 хүүхэд үзэж сонирхож байна. Гараагаа эхлээд бараг хоёр сар болж байгаа энэ ажиллагаа нь он дуустал үргэлжлэх тул 4000-5000 хүүхэд багачууд манай музейг үзэж сонирхох нь ээ. Үүний хэмжээгээр л эх оронч үзэл, эх орноо хайрлах үзлийг төдий тооны хүүхэд багачуулд ойлгуулах ажил хийгдэнэ гэсэн үг.
 -Танайд хичнээн тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна вэ?
 -Манайх ганцхан л тайлбарлагч, эрдэм шинжилгээний 4 ажилтантайгаар ажиллаж байна даа. Хуучин 20-иод жилийн өмнөх бидний ажиллаж байсан цаг үеэс их өөр болсон л доо. Тэр үед музей бүрт 3-4 тайлбарлагч, төрөл бүрээсээ шалтгаалан 3-4 сан хөмрөгч ажиллдаг байсан бол одоо ганцхан сан хөмрөгчтэй, мөн ганц тайлбарлагчтай болоод байгаа.
 -Ганцхан тайлбарлагч тань амарч байгаа гэж хэллээ. Тэгвэл хэн тайлбар хийх вэ?
 -Мэдээж хэрэг эрдэм шинжилгээний ажилтнууд маань тайлбарлана шүү дээ...".   Цэргийн музейн захирлын үүрэг гүйцэтгэгч, ерөнхий сан хөмрөгч, мэнэжер, хошууч Л.Гантөмөр ийнхүү ярьж байна. Тэрбээр  музейтэй амьдралаа холбосон хүн гэж хэлж бүрэн болно. Юун хэмээвэл 1987 онд ЦНДС-ийг улс төрийн ажилтны мэргэжлээр төгссөн тэрбээр 1989 оноос санагдана Хувьсгалын музейд сан хөмрөгчөөр анх ажиллаж эхэлсэн. Тэр үед бидний хэдэн залуус хамт ажиллаж байсан цаг үе л дээ. Дараа нь Сүхбаатарын музей хэмээн байгуулагдахад нь мөн л сан хөмрөгчөөр нь очин ажилласан даг. Гэтэл энэ музей байгуулагдах асуудал зогсонги байдалд орж, Хувьсгалын музей нь Үндэсний түүхийн музей болон өөрчлөгдөхөд Гантөмөр маань мөн л сан хөмрөгчөөр нь ажилласаар байлаа. Ардчилсан хувьсгал гарсны дараа анх Хэлмэгдэгсдийн музей байгуулагдахад орлогч даргаар нь ажилласан байдаг. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн охин Цэрэндулам гуайтай хэрхэн гар, сэтгэл нийлэн ажиллаж байснаа тэрбээр тун сэтгэл хангалуун дурсан ярьж байлаа. Иймээс Л.Гантөмөр бол мэргэжлийн музейн ажилтан мөн юм.
Музей хэмээх хүн төрөлхтний оюуны, түүх дурсамжийн баялаг ертөнцтэй амьдралаа холбосон ийм туршлагатай хүн өдгөө Цэргийн музейг тэргүүлэн ажиллаж байгаад нь олзуурхаж, сэтгэл нэн өег байлаа. Тэрбээр хаа явсан газар орныхоо музей, үзэсгэлэн, тэдгээрийн ажил үйлстэй нь, хэрхэн үзмэрээ дэлгэн тавьж буй байдал зэргийг сонирхон харж тандаж явдаг байсан аж.
Иймээс энэ тогтсон загварыг халахын тулд орчин цаг үеийн үзэсгэлэнгийн шаардлагыг хангасан дижитал альбомыг юуны өмнө музейдээ тавьж нэвтрүүлжээ. Энгийн жишээгээр тайлбарлахад тухайлсан сэдэвтэй холбогдох хэдэн арав, магадгүй зуун гэрэл зураг музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг л даа. Гэтэл музейн маань үзмэрийн орон зай, талбайн хязгаарлагдмал байдлаас шалтгаалаад тухайн самбар дээрээ бид ердөө л 4-5-хан гэрэл зургийг нь тавихаас өөр аргагүй байдалд хүрдэг. Гэтэл бидний нэвтрүүлж байгаа энэхүү дижитал альбомны ачаар тухайн сэдэвтэй холбогдох бүх зургийг, хэдэн зууг ч хамаагүй бүгдийг нь хамруулан ээлж дараагаар нь үзүүлэх боломжтой болж байгаа юм.
 Хоёрдугаарт, "Touch screen" гэдэг орчин үеийн музейн шаардлагыг хангасан гараараа дараад л бүх мэдээллээ хүлээн авах боломжтой техник хэрэгслийг нэвтрүүллээ. Гуравдугаарт нь хэрвээ та манай музейг үзэж сонирхох гэтэл тайлбарлагч байхгүй байх аваас нэлээд мухардмал байдалд ордог шүү дээ. Иймээс та МР-гээр музейн үзмэрүүдээ чалөөтэй үзэх боломж бүрдээд байна. Үүний тулд  манай касснаас 1000 төгрөгөөр МР-3 аваад л музейгээ эхнээс нь дуустал тайлбарлагч хүнээр тайлбарлуулж байгаа мэт тайлбарыг нь чихээрээ сонсоод гарах боломжтой болж байна.
 Музейчин Гантөмөр үргэлжлүүлэн ярьсаар л байна. Тэрбээр будант Альбионд байх үедээ мэргэжлийн хүний хувьд Англи улсын музейнүүдтэй боломжийнхоо хэрээр танилцаж, Монголынхоо музейн хүрсэн түвшинтэй харьцуулан дүгнэн цэгнэж, заримдаа атаархаж явснаа ч нуусангүй ээ. Түүнд хамгийн ихээр таалагдсан музей бол Лидс хотын цэргийн музей гэнэ. Тус музейд Монгол улсад зориулсан бүхэл бүтэн булан байдаг аж. Лидс хотын дээрх цэргийн музейд Чингис хааны үеийн монголын морьтон баатрын хөшөө нь хүртэл байх агаад дэргэд нь "ВВС"-гээс гаргасан хоёр анги баримтат кино том дэлгэцэн дээр гарч байдаг аж. Түүнчлэн Чингисийн баатар эрсийн  эдэлж хэрэглэж явсан эд өлгийн зүйлсийг байрлуулсан бөгөөд "Монголын эзэнт гүрэн" гэсэн том газрын зураг нь өөрчлөгдөн хувирч байдаг ажээ. "Тэрхүү гайхамшигтай сайхан үзмэрүүд, дэглэн тавьсан байдлыг хараад үнэхээр атаархаж байсан даа" хэмээн тэрбээр санааширна. Гэтэл Английн Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музейд Монголтой холбоотой үзмэр зүйлс байдаггүй юм байна
 "Бидний үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа МР-3-ыг гадуур "аудио хөтөч" хэмээн нэрлэдэг л дээ. Манайхаас гадна Чойжин ламын музей болон Үндэсний түүхийн музейд бас нэвтрүүлээд байна даа. Өөрөөр хэлбэл та тайлбарлагч байхгүй буюу эсвэл авахыг хүсээгүй нөхцөлд энэхүү МР-3-ыг авч чихэвчийг нь зүүгээд л үзмэрүүдээ дуусан дуустал нь тайлбарыг нь сонсох боломжтой гэсэн үг.
 Сая намайг Португалид ажлаар очоод музейтэй нь танилцахад зурагтын удирдлага шиг зүйл бидэнд өгч байх юм. Гэтэл түүнээс нь англи, португал, франц хэлний аль нэгийг нь сонгосноороо тэр хэлээрээ зориулалтын аппаратаар тайлбар авдаг юм байна лээ.
 Манай музейд өмнө нь лангууны зориулалтаар ашиглаж байсан энэ буланг "Мини театр" сургалтын булан болгон ашиглах санаатай байгаа. Нийт 14 сандалтай энэ буланд оюутнууд эсвэл тухайн сэдвийг сонирхсон хүмүүс хүрэлцэн ирээд тухайн сэдэвтэй холбоотой кино зэргийг үзэж танилцаж болох юм. Мөн энд багахан хэмжээний сургалт ч явуулж болно.
Үзмэрт олон жилийн турш хэрэглэж ирсэн хүнд нүсэр витринүүдээс бид татгалзаж байгаа. Харин үүний оронд том том үзэсгэлэнтэй сайхан уран зураг тавьж, уг зураг, түүний өгүүлэмжтэй холбогдох үзмэрүүдийг дэргэд нь байрлуулах чиглэлийг баримталж байна. Одоогоор манай хэд хэдэн сайхан үзмэр маань АНУ-д үзэсгэлэнд явчихаад байгаа бөгөөд тэр үзмэрүүдээ эргэн ирэхээр нь эдгээр байрлалд тавихээр зэхээд байгаа" хэмээн Гантөмөр захирал ярина.
 Л.Гантөмөр захирал музейн мэргэжлийн ажилтны хувьд цоо шинээр санаж сэдсэн зүйлс ч байгаагаа хэлж ярьж байв. Тухайлбал, тус музейд үзмэрийн танхимаар ашиглаж бүрэн болохуйц хоёр ч зааланд нь нарийн боовны цех, бар саун зэрэг түрээсийн байгууллагууд ажиллаж байсан юм байна. "Ийм байдал нь музейн байгууллагын мөн чанарт огтхон ч таарахгүй" гэдгийг хэлж хөөцөлдсөөр байгаад тэднийг гаргаж дөнгөсөн гэнээ. Тэгээд суларсан байранд нь музейнхээ үзмэрийн танхимыг байрлуулж, шинэ шинэ үзмэрээр баяжуулахаар шамдан ажиллаж байгаа ажээ. "Ирэх 11 дүгээр сар гэхэд үүнийгээ гүйцэлдүүлнэ дээ. Харин одоохондоо бол дулаалгын асуудлаа шийдэхгүй бол горьгүй нь ээ" хэмээн тэр өгүүлж сууна.
С.Энх-Амар
МОНЦАМЭ

Сэтгэгдэлүүд

Дээш