logo
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров илгээлт ирүүлжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров илгээлт ирүүлжээ

2016/11/04

Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын илгээлт ирүүлжээ.

Тус илгээлтэд, "Монгол Улсын Надаад харилцааны сайд, эрхэмсэг ноён Ц.Мөнх-Оргил танаа

Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.

Монгол Улс нь Оросын эртний бөгөөд итгэлт түнш билээ. Биднийг сайн хөршийн харилцаа, харилцан итгэлцэл, хүндэтгэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг. Хоёр орны ард түмэн он цагийн туршид, түүний дотор түүхийн огцом эргэлтийн үед ч нэг нэгэндээ дэмжлэг, туслалцааг тууштай үзүүлж байсан.

Сүүлийн хэдэн арван жилд хамтын хүчин зүтгэлээр харилцааг хөгжүүлэх үйлст ихээхэн үр дүнд хүржээ. Хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөөх талуудын эрмэлзлэлийг тэмдэглэхэд таатай байна. Энэ жил байгуулсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь Монгол-Оросын харилцааг чиглэл бүрээр урагшлуулна гэдэгт найдаж байна.

Олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд хүрсэн түвшинг өндрөөр үнэлж байна. Өнөө цагийн олон чухал асуудлыг шийдэх талаар Орос, Монгол нь ижил, төстэй байр суурь баримталдаг.

Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь хоёр орны бүх салбарын харилцааг бэхжүүлж, манай ард түмнүүдийн сайн сайхан, Ази тивийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангах үйлст хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэ ялдамд Танд болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт хамт олонд амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе." гэсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш