logo
Анхдагчдын өлгий нутгаар овоглогдсон “Булган хан” дэвжээ байгуулагдлаа

Анхдагчдын өлгий нутгаар овоглогдсон “Булган хан” дэвжээ байгуулагдлаа

2016/12/08
Монгол Улсын заан Д.Баасандоржийн үүсгэн байгуулж санаачилсан “БУЛГАН ХАН” дэвжээний нээлтийн ёслол 12-р сарын 4-ний билэгт сайн өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Дэвжээний нээлт ХУД-ийн 15-р хороонд харьяалагддаг 130-р бага сургуулийн спорт зааланд болсон бөгөөд цаашдаа “БУЛГАН ХАН” дэвжээнийхэн маань эндээ үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтаа байнга хийж байх юм.


Булган аймгийн Дандар Аграмба Иши Чинби Ванчиг мөн аймгийн унзад лам Д.Ганбаяр нар “Зүүн хүрээ” хийдийн лам нартай хамт шинэхэн дэвжээг ариусгаж ном хурсанаар дэвжээний нээлт албан ёсоор эхэллээ.

15325249_1865203170377732_2541815326252259105_o

101010
Дараа нь “БУЛГАН ХАН” дэвжээг санаачлагч Монгол улсын заан Д.Баасандоржийн урилгаар дэвжээний нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид ерөөлийн үг хэлцгээлээ.

11-1111

Булган аймгийн Хангал сумын харьяат аймгийн Заан Мөнх-Эрдэнэ

Улс, аймаг, сумын цолтой 32 бөх барилдаж дэвжээний нээлтийн ёслолын ажиллагаа цааш үргэлжилсэн юм.

13-13-13

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар

2016 онд Монгол Улсын начин цолны болзол хангаж бөхөд хайртай Булган нутгийнханаа, Сэлэнгэ сумынханаа баярлуулсан Д.Амарсайхан тэргүүтэй аймаг сумын цолтой 32 бөхийн барилдаанд бөхчүүд

ихэвчилэн барьц сонгож хаялцаж байсан нь бүгд бэлтгэл сургуулилт сайтай, эн тэнцүүхэн хүч үздэг гэдгийг илэрхийлж байв.

Монгол Улсын начин Д.Амарсайхан

121212-12

Монгол Улсын начин Д.Амарсайхан, Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар

15-15-15
Ийнхүү хүчит 32 бөхийн барилдаанд Монгол Улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат үзүүрлэж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Б.Хашбат нар шөвгөрлөө.

15304216_1865203693711013_928746386285365098_o

Булган аймгийн Улсын цолтой ахмад бөхчүүд бөхийн барилдааныг шимтэн үзэж сууна

Бөхийн барилдаанд зөвхөн Булган аймгийн бөхчүүд барилдсангүй. Сэлэнгэ Сүхбаатар, Завхан аймгийн угшилтай ч ах дүү хоёр зааны шавь болон бэлтгэл сургуулилтаа хийдэг бөхчүүд барилдсан нь цаашдаа “БУЛГАН ХАН” дэвжээ нь нутаг ус жалга довонд баригдахгүйн нэг том илэрхийлэл байлаа.

Бөхийн барилдааны дараа “БУЛГАН ХАН” дэвжээнийхэн дэвжээний тэргүүн, тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн дарга, хяналтын зөвлөлөө хуралдаж тодрууллаа.

“БУЛГАН ХАН” дэвжээний тэргүүнээр Булган аймгийн Орхон  сумын харьяат, “Булган Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Г.Номинчулуун олонхийн саналаар сонгогдлоо. Нэг тэргүүн, 5 дэд тэргүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах “БУЛГАН ХАН” дэвжээний дэд тэргүүнээр БСШУ-ын Дэд сайд Ё.Отгонбаяр, БОАЖ дэд сайд Ц.Батбаяр, БОАЖ Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн автозамын газрын дарга Ж.Тогтохбаяр, ШУА-ын инкубаторын дарга Ч.Батсүх, Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэйгээр байгуулагдаж, даргаар нь “Сэлэнгэ пресс” компанийн захирал  М.Болд, “БУЛГАН ХАН” дэвжээний нарийн бичгийн даргаар Ш.Батнасан нар сонгогдлоо.

Ийнхүү ах дүү хоёр зааны найз нөхдүүд, бөхөд хорхойтой нутгийн олон дэмжигч нарын дэмжлэгтэйгээр “БУЛГАН ХАН” дэвжээ байгуулагдлаа.


“БУЛГАН ХАН” дэвжээнд харьяалагдаж байгаа бөхчүүд ид сайхан залуу бөхчүүд барилдаж байна. Дэвжээний тэргүүлэгчидээр ч шижигнэсэн залуус сонгогдлоо. Булган аймаг бол хэзээнээсээ таримал биш төрмөл бөхчүүдээрээ алдартай аймаг. Тиймдээ ч Булган хангай нутгаас Монгол улсын аварга арслан төрөх тэр цаг хугацаа ойрхон байгаа гэдэгт бөхөд хайртай Булганы ард түмэн итгэлтэй байна. Ингээд дэвжээний нээлтийн үеэр хийсэн бичил сурвалжлагаа хүргэе.

2-02
“БУЛГАН ХАН” дэвжээг санаачлагч, үүсгэн байгуулагч Д.Баасандоржийн амжилтаас дурьдвал 2005 онд Ардын хувьсгалын 84 жилийн ойгоор улсын начин болж байсан. 2007 онд Ардын хувьсгалын 86 жилийн ойгоор 6 давж улсын харцага, 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор 7 давж Монгол улсын заан цол хүртэж байсан чансаатай аатай бөхчүүдийн нэг билээ.

Монгол Улсын заан Д.Баасандорж: Булган аймгийн хэсэг бөхчүүд Хилийн цэргийн “Хилчин” спорт хороонд харьяалагдан бэлтгэл сургуулилт хийдэг. Сүүлийн 10-аад жил гал болж явж байгаа бөгөөд энэ жил манай галаас гурван улсын цолтон төрсөн. Намар 9-р сарын 5-нд Бүрэгхангайд байх галаа эргэх явцдаа галдаа албан ёсны нэр өгч, дэвжээ байгуулахаар бөх дэмжигч ах нар, найз нөхөдтэйгээ ярилцсан юм. Тэрхүү ярилцсан яриа маань энэ өдөр биелэлээ олж “БУЛГАН ХАН” нэртэй дэвжээ албан ёсоор нээгдлээ. Манай галд амжилт аархалын төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд олон бий. Тэднийгээ улсын цолонд хүргэхийн төлөө хичээн ажиллах болно оо.

0909
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Булганчууд маань хүчит бөхчүүдээрээ бахархаж, тэднийгээ хайрлаж, дэмжиж явдаг сайхан уламжлалтай ард түмэн. Бөхчүүдээ хөгжүүлэх, дэмжих тал дээр гар бие оролцож байдаг олон хүмүүс өнөөдөр хүрэлцэн иржээ. Булган нутаг маань бөхчүүдээрээ, хүчтэнүүдээр гайхагдаж явсан ийм сайхан нутаг. Мэдээж аливаа зүйл хөгжиж дэвжиж хүрээгээ тэлж байдаг. Энэ утгаараа өнөөдөр бас нэгэн сайхан дэвжээ бий болж байна. Энэ дэвжээнээс Булган нутгийнхаа нэрийг гаргасан , улс орныхоо гайхлыг төрүүлсэн Монгол улсын аварга төрнө гэдэгт итгэлтэй байна. Хүч нь өөдөө байж аварга төрөх болтугай гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

07-07
БСШУ-ын Дэд сайд Ё.Отгонбаяр: Энд хүрэлцэн ирсэн бөхчүүд, манай Булган нутгаас төрсөн алдар цуутнууд, бөхөд хайртай нутгийн ах дүү нарынхаа энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын заан Д.Баасандоржийн ахалдаг энэ гал сүүлийн жилүүдэд их амжилт гаргасан. Өнөө жилийн өнгө их сайхан байна. Энэ галаас даншигийн заан, даншигийн начин, Монгол улсын начин, аймгийн арслан гээд олон сайхан алдар цолтонууд төрлөө. Энэ галд хичээллэж байгаа бөхчүүддээ улам их амжилтыг хүсье. Аль болохоор олон цолтон төрөөд Булган нутгийнхаа нэрийг дуурсгаж яваарай. Бөхөд хайртай, бөхөд санаа тавьж байгаа нутгийн хүмүүс чинь та бүхний ар тал болж тал талаасаа өөрсдийнхөө чадах ядахаар эрвийж дэрвийхээрээ зүтгэж байгаа шүү гэдгийг хэлье.

08-08
Монгол Улсын заан М.Өсөхбаяр: Бид гал болоод 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд улс аймгийн цолуудыг авлаа. Олон наадмуудын түрүү үзүүр шөвгүүдийг хүртлээ. Бидний гол зорилго бол нэгдүгээрт Цэрэн аваргаас хойш 55 жил тасраад байгаа Улсын баяр наадмын түрүү бөхийг авах. Тавхан жилийн дараа бүхэл бүтэн нэг жарны турш Булган нутгаас улсын наадмын түрүүг авч чадалгүй өнгөрөх гээд байна. Бид дэвжээ байгуулсанаараа бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтыг чамбайруулж, энэ олон аймгуудын дэвжээ, энэ олон спорт хороодын дэвжээтэй өрсөлдөж, улмаар манай залуучууд улсын наадмын түрүү авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж хичээх болно. Та бүхний энэ сайхан итгэлийг алдахгүй сайн барилдах болно. Энэ жилийн хувьд манай галын бөх Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл маань Даншиг наадамд үзүүрлэж Даншигийн заан цол авсан. Миний хувьд Даншигийн өсөх идэр начин гэсэн цолыг хүртсэн. Улсын наадмаар манай галын бөх Д.Амарсайхан маань начин цол хүртлээ. Өнгөрч буй 2016 он бол бидний хувьд чамлахааргүй амжилт гаргасан он байлаа. Үүнийгээ ахиулж илүү сайхан амжилт гаргахын төлөө хичээх болно.

06-06
БОАЖ дэд сайд Ц.Батбаяр: “БУЛГАН ХАН” дэвжээнийхэн маань Монгол орондоо бөхийн хүчтэнүүдээрээ алдарших цаг удахгүй ирэх байхаа гэж би бодож байна. Ер нь аймгууд нэг биш, нилээд хэдэн дэвжээтэй байдаг болж. Өрсөлдөөн дунд хөлс хүчээ гаргаж энэ дэвжээгээ бэхжүүлэх ёстой гэж ойлгож байна. “БУЛГАН ХАН” дэвжээг өөр өнцгөөс харахыг битгий урьтал болгоорой гэж нутгийнхаа олонд хэлэх нь зүйтэй байх аа. Бидний хөлс хүч нэг, бидний сэтгэл нэг, бидний төрсөн өссөн газар нэг. Булган хангай нутгаас Монгол улсын аварга, арслан төрөх тэр цаг хугацаа ойрхон байгаасай гэж ерөөж байна. Бөхийн цагаан хийморь бид бүхнийг ивээх болтугай.

03-03

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл: Бид өнөөдөр чухал том дэвжээний гэрч болон энд цугларч байгаадаа баяртай байна. Сүүлийн үед дэвжээнүүд ч олон гарч байна. Шинээр дахин нэг дэвжээ бий болж байгаа нь их чухал. Үүнийгээ дагаад өрсөлдөөнийг бий болгож, өрсөлдөөний дундаас шалгарч аварга, арслан, заан төрдөг. Ямарваа зүйлийг эхлүүлэхэд бэрхшээл саад их байдаг. Олон аваргууд манай Булган аймгаас төрөн гарсан. Манай Д.Баасандорж зааны ахалж байгаа дэвжээ цаашдаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Олон заан арслан аварга төрөх болтугай.

0505
Булган аймгийн Бугат сумын харьяат Улсын начин С.Дэлгэрбат:  Дэвжээний нээлт маш сайхан болж байна. Дэвжээнийхээ сууриа их сайхан тавьлаа. Дэвжээ байгуулж буй залуус маань хамгийн гол нь маш өндөр дэгтэй байж, өөрсдөө амжилт гаргахын төлөө тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж, формоо ягштал барих хэрэгтэй. Ийм гоё дэвжээтэй болж буй нөхөд улсын гайгүй цол авах байх аа гэж найдаж байна.

22222222222222222222222222222

Булган аймгийн Бугат сумын харьяат, “Дөрвөн зам транс” ХХК-ийн захирал Ж.Батдэлгэр: Жил бүрийн улсын наадмын өмнө Д.Баасандоржийнхоо ахалж гардаг галыг эргэж тойрдог. Дэмжиж тусалж явдаг гал маань өргөжин өнөөдөр “БУЛГАН ХАН” дэвжээ болж байгаад баяртай байна. 1961 онд Булган аймгийн Сайхан сумын харьяат С.Цэрэн аварга маань улсын наадамд түрүүлсэнээс хойш 55 жил өнгөрчээ. Манай Булганы бөхчүүд сайн барилдаж байгаа ч хараахан улсын аварга төрөөгүй байна. Тиймээс өөрийн дэмжиж явдаг галаа дэвжээний зохион байгуулалтанд оруулж, “БУЛГАН ХАН” дэвжээний бөхчүүдээ зөвхөн амжилтанд хүргүүлэхийн төлөө бэлтгэлийг хангуулж, цаашлаад гол зорилго маань улсын наадамд аварга төрүүлэх явдал юм. Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай!!!

04-04

“БУЛГАН ХАН” дэвжээний тэргүүн Г.Номинчулуун: Сүүлийн жилүүдэд манай Булганы бөхчүүд тархай бутархай байдалтай яваад байсан. Энэ ч үүднээсээ бид Улсын заан Д.Баасандорж, Улсын заан М.Өсөхбаяр нарынхаа галыг менежмэнтийн талаас нь дэмжиж ажиллах зорилго тавин “БУЛГАН ХАН” дэвжээг Улсын заан Д.Баасандоржийнхоо санаачлагаар амжилттай нээлээ.

Ерөнхийдөө манай 2 зааныг дагаж бэлтгэл сургуулилтаа хийж байсан бөхчүүд эхнээсээ улсын цолонд хүрээд эхэллээ. Тиймээс бид дэвжээний зохион байгуулалтанд орж, залуу бөхчүүдээ бэлтгэл сургуулилтыг нь хангах байр савыг нь бэлдэж, бэлтгэлийн явцад шаардагдах тоног төхөөрөмж, уураг витаминаар хангахаас эхлээд олон ажил төлөвлөн ажлаа эхэлж байна.

Булган нутгаас тун удахгүй олон улсын цолтон төрнө гэдэгт эргэлзэхгүй байна.

АТГ.МН

Сэтгэгдэлүүд

Дээш