logo
“Багануур” ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

“Багануур” ХК-ийн нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

2017/01/24
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. СЗХ-ны энэ оны зургадугаар сарын 15-ны өдрийн 233 дугаар тогтоолоор нэмж бүртгэсэн “Багануур” ХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий  нийт 9,870,287 ширхэг энгийн хувьцаа болон нэгдүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгэсэн “Айтүүлс” ХХК-ийн нийтэд санал болгон анх удаа гаргасан нэг бүр нь 1,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,324,263 ширхэг энгийн хувьцааг тус тус үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Багануурын уурхайн техникийн шинэчлэлд хөрөнгө босгох зорилгоор нэмж гаргасан хувьцаагаар нийт 26,1 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн боловч хангалттай хөрөнгө босгож чадаагүй. Ингэснээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн болон СЗХ-ноос тогтоосон шаардлага хангагдаагүй, анхдагч зах зээлийн арилжааг “амжилтгүй” болсон гэж үзэх үндэслэл болж буй юм. Амжилтгүй арилжигдсан хувьцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасныг дагуу бүртгэлээс хасдаг. “Багануур” ХК-д андеррайтерийн үйлчилгээ үзүүлэгч “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК нь хөрөнгө оруулалтын орчны нөхцөл байдлын талаарх судалгаа, цаг хугацааны тооцооллыг оновчгүй гаргасан гэж СЗХ дүгнэлээ. Үүний зэрэгцээ тус компани “Багануур” ХК-тай байгуулсан “Андеррайтерийн болон зөвлөх үйлчилгээний гэрээ’-гээр бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болон “нийтэд санал болгосон үнэт цаас нь бүрэн зарагдаагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр тохиролцсон үнээр худалдан авах”баталгаа өгч, үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тиймээс СЗХ үнэт цаас гаргагч “Багануур” ХК болон “Ти Ди Би капитал ҮЦК” ХХК-д хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хатуу анхааруулахаар боллоо. Нэмж гаргасан үнэт цаасыг бүртгэлээс хассантай холбоотойгоор дараа дараагийн арга хэмжээг зохих дүрэм, журмын дагуу авч хэрэгжүүлэхээр тогтов.

Харин программ хангамжийн үйл ажиллагаа эрхэлдэг “Айтүүлс” ХК олон нийтээс 1.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө татан, уг хөрөнгөөр Дархан хотод модуляр дата төв барихаар төлөвлөж, үнэт цаас бүртгүүлсэн боловч хуульд заасан хугацаанд арилжаагаа явуулж чадаагүй байна. Тиймээс, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12.10-т “Хороо үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй тохиолдолд” бүртгэлийг хүчингүй болгохоор заасны дагуу хаслаа гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш