МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд олон захидал ирсэн гэдгийг уралдааныг зохион байгуулагчид онцолсон юм. Харин шилдэг захидлын эзнээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 11Д ангийн сурагч Х.Анундарийн бичсэн захидал шалгарчээ. Дэд байрт н.Ринчендорж, гутгаар байрт С.Цэрэнноров нарын ижийдээ бичсэн захидлууд шалгарчээ.
Мөн тусгай байрт сэтгүүлч О.Сайханцэцэгийн ижийдээ зориулан бичсэн захидал шалгарсан байна. Ижийдээ хэлж амжаагүй сэтгэлийн үгээ хэлэх боломж олгодог энэхүү сайхан уралдаан ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд шилдэг 10 захидлыг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд уншиж танилцуулан олны хүртээл болгосон юм.
Ингээд уралдааны эхний байрт шалгарсан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэргүүн байрт шалгарсан Х.Анундарийн захидал
Сайн байна уу ээж ээ? Танд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бичсэн энэ захидал таны тэргүүнд нэгийг бодогдуулж зүрхэнд шингэнэ гэдэгт би итгэнэ...
Ээж ээ би жаргалтай сайхан байсан. Тэнд дулаахан, айх айдасгүй бас их тайван. Гэхдээ тэр гайхалтай газар гуравхан сар амьдрах хэтэрхий хурдан байлаа. Энэ бол таны хэвлий.
Ээж ээ би урьд насандаа хэвлийгээ цоортол мөлхөж үзсэн. Би могой байсан юм байна. Би өндрөөс өндөрт нисэж явлаа. Би бүргэд байсан юм байна. Харин энэ удаад зүүний үзүүр дээр ганцхан тогтох хүмүүн заяаг олж бүрэлдэх аз надад байсан ч таны хүү болон мэндлэх тавилан надад байсангүй ээ...
Хоёр тивийн наана цаана байсан ч сэтгэлээрээ ямхын төдийд ч зай байдаггүй хүмүүс байхад, та бид хоёр нэг биед хамт байж, сэтгэлээрээ яагаад хэдэн бээрийн зайд байсныг би ойлгодоггүй юм. Гэхдээ амьдрал хэзээ ч намуухнаараа байдаггүйг би мэднэ ээ. Нүүр нүдгүй балбаж, заримдаа бүр шороогоор шуурах мэт тийм ч амаргүй зүйлүүд амьдралд тохиолддогийг би мэднэ. Гэсэн ч би амьдралд хайртай хэвээрээ.
Ээж ээ би таны алдаа чинь уу? Надад хэлээч. Голыг минь тасдах эмчийн хайч хурц байсан. Гэхдээ түүнийг нь зөвшөөрөх таны сэтгэл хэтэрхий хүйтэн... Гэсэн ч би гомдоллохгүй ээ. Ээж ээ та одоо уйлаагүй биз дээ. Би танд маш их хайртай . Тэнгэр дээр байдаг түм буман оддоос ч илүү их хайртай. Учир нь би хамгийн анх таны хоолойг сонсож, таны амьсгалыг мэдэрч, миний төлөө урсгасан нулимс бүрийн чинь үнэ цэнийг мэддэг болохоор би танд хайртай.
Та яг энэ агшинд миний захиаг сонордох энэ үед би өөр ээжийн энгэрт эрхэлж, ангир сүүнээс нь залгиж суугаа. Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсон. Ээж миний хацрыг ягаахан уруулаараа үргэлж үнсэж, намайг энхрийлдэг. Аав минь надад орой болгон бүүвэйн дуу дуулж өгдөг. Намайг өдөр болгон салхилуулж, зугаацуулдаг. Би одоо д амьдралын сайнхыг мэдэрч байна.
Миний бичсэн энэ захидлыг дэлхийн хүмүүст уншиж өгөөрэй. Би тэд нараас аминчлан гуйя. Надаас өөр бяцхан зүрхнүүдийн цохилохыг нь битгий зогсоогоорой. Өглөө бүр мандах алтан нарын илчийг мэдэрнэ гэдэг хамгийн сайхан зүйл байдаг юм шүү.
Ээж ээ та бид хоёр хэзээ нэгэн цагт таарах байх. Хорь эсвэл гучин жилийн дараа ч байж магадгүй. Харин тэр үед та намайг таниарай...
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн
76 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Х.Анундарь