logo
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ малчдаа эргэн, багуудад ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ малчдаа эргэн, багуудад ажиллаж байна

2017/03/21

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нутаг амьтай нэгэн гэж хэлж болно. Аав, ээжийн унаган нутаг, хаа байгаа холын Америкаас зорьж зүтгэн очиж ажиллаж амьдарч байсан нутгийн хүүгийн хувьд ч тэрүү тэрээр долоо хоног болгон нутаг гүйдэг ажилтай. Бусад гишүүдийг бодвол өнгөрсөн намраас хойш бүх сумдаараа тойрч иргэдтэйгээ уулзан цаг үеийн болоод бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлын талаар солилцож явсан тэрээр энэ удаад багуудад ажиллаж  байна. Эргэх дөрвөн улиралд цаг наргүй ажилтай байдаг малчидтайгаа уулзан  УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал, төр засгийн зүгээс хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, аймаг орон нутагтаа хийж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлаар санал солилцож яваа эрхэм гишүүний уулзалт Хялганат тосгон, Хангал сумын багуудад болж байна.

Булган нутгийн хувьд өвөл цас их орсон хэдий ч өвөлжилт өнөтэй сайхан болж хавартай золгон, мал  төллөж эхэлжээ.

Тус сумынхны хувьд бод мал, тэр дундаа мах, сүүний чиглэлийн ашиг шим өндөртэй сүргийн бүтцийг бий болгож, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар зэрэг томоохон зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой. Сүүгээ гашилгахгүйн тулд ойрхон сүүний хөргүүр хэрэгтэй байна. Энэ чиглэлээр төрөөс бодлогоор дэмжээд өгвөл эрчимсэн мал аж ахуйд шилжихэд бэлэн,  оролцох сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Мөн газар тариалан, малын бэлчээр, мод бэлтгэл гэхчилэн малчин тариаланчдын амьдралын гол асуудлаас эхлээд улс орны эдийн засаг, ирээдүйн талаар ч гишүүнтэйгээ санал солилцон  мэдээлэл авч, санаа оноогоо ч хэлж байлаа.

 Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Булганыхаа айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн  “Чацаргана хөтөлбөр”-өө эхлүүлсэн бөгөөд энэ хавраас тариалалт эхлэх тул оролцох өрхүүд нэгдэж газраа авч сургалтандаа суух хэрэгтэйг сануулан эндээс гарах үр шимийн талаар тайлбарлахын зэрэгцээ  “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”ийн төсөл дээр санал авч, малыг эрүүлжүүлэх, мал эмнэлэгийн тогтолцоог боловсронгуй болгож, чанар хүртээмжийг сайжруулах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар санал сонсож, гарц гаргалгааг ярилцаж явлаа.

Харин нутгийн иргэдийн хувьд УИХ-ын гишүүд эхний нэг хоёр жилдээ аймаг орон нутаг, сонгогдсон тойргоо таг мартчихаад сонгууль дөхөх үеээс эргэж тойрдог муу зан эрхэм гишүүнд байдаггүйд баярлаж энэ их ажлынхаа хажуугаар сонгуулийн үе шигээ нутгаа эргэж, малчдаа тойрч санаа оноог нь сонсож явдагт нь талархаж байгаагаа илэрхийлж байлаа. 

 

Сэтгэгдэлүүд

Дээш