logo
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачиллаа

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачиллаа

2017/05/11
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монгол төсөл” санаачилжээ. Тэрбээр санаачилсан төслийнхөө талаар “Үзэл сурталгүй нийгэм гэж үгүй. Тэр дундаа үндэсний үзэл сурталгүй үндэстэн өөрийн мөн чанараа гээж, түүхийн хог дээр хаягддаг. Үзэл суртал нь нийгмийг нэгтгэн нягтруулаад зогсохгүй олон түмний ертөнцийг үзэх үзэл, ухамсарыг төлөвшүүлэхэд нөлөөлдөг билээ.

Үзэл суртал нь нийгмийнхээ зорилгыг тодорхойлж, бодит байдлын нарийн ээдрээг хялбарчлан томъёолж, хураангуйлан ард түмний ухамсарт амархан суулгадаг. Бас үзэл суртлын үндсэн дээр тухайн нийгмийн зөв буруугийн дэнс бүрддэг. Шинжлэх ухаанаас ялгаатай нь нийгмийн хүсэмжит болоод хүсэмгүй үзэгдэл, үйл явдлыг тодорхойлдог. Бид үзэл сурталгүй, нэгдсэн үнэлэмжгүй болохоор ямарваа нэг үйл явдлыг хараад туйлшрахыг үзүүлж байна.

Бид ардчилсан тогтолцоонд шилжээд даруй 30-аад жил боллоо. Ардчилал бол тогтолцоо, харин бид үзэл суртлыг муу муухай гээд социализмтай хамт хаясан нь маш том алдаа юм. Үзэл суртал хаягдсанаар өнөөгийн монгол хүнд сайн муугийн тухай үнэлэмж алга болж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй харах чадвар нь мөхжээ. Өнөөдөр бид өөрсдийгөө харвал өөрөөсөө үнэтэй эд хэрэглэсэн, өөрөөсөө бусдыг үнэлж хүндэлдэггүй, хувийн амьдралаасаа өөр зорилгогүй, үнэт зүйлгүй болжээ.

Бид Манжийн хаяанд явсан ХХ зууны хөмөрсөн тогоон дорх “Хуучин хүү”-гээс ялгарах юм нь машин техник л байна. Үнэт зүйлгүй бидэнд бэлгэшээхгүй юм ч алга болж. Фэйсбүүкэд хүйтэн хөх могой, хүүдийтэй мөнгөний зураг оруулаад “хурайлж” байна. Үндэсний үнэт зүйлгүй энэ монгол хүн ирээдүйдээ итгэлгүй, гутранги, хийрхүү, хувиа хичээсэн, хэт ашиг хөөсөн өчүүхэн амьтан болж хувирав. Энэ л хандлагыг өөрчилж, монгол хүний язгуур мөн чанарыг сануулж, үндэстний хувьд урам зориг өгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Үүний тулд адаглаад ардынхаа мэргэн ухааныг эргээд нэг бодох, түүнийг нь ахин дахин сануулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн олон түмэнд ойлгуулахыг уран бүтээлчид бодож олж чадна. Уран бүтээлчид л нийгэмд хүргэж чадна. Иймээс би бүх уран бүтээлчдийг үүнийг дэмжээсэй билээ хэмээн хүсч байна. Төр засгийн төвшинд дэмжихгүй бол энэ ажил хий хоосон хөдөлмөр болно. Тиймээс өнөөгийн төр, засаг ч дэмжээсэй гэж хүсч байна. Миний ардын мянган мянган жилээр шалгарсан ухаан л бидэнд үзэл суртал, үндэсний үзлээ хайж олох, сэргээхэд тус болно” хэмээн ярьсан юм.

С.НЭМЭХ

Сэтгэгдэлүүд

Дээш