logo
Дайрсан хүнээ “үхээгүй байна” хэмээн зодож алсан Хятадад хоёр жил, аллагыг харсан гэрч жил зургаан сарын ял авчээ

Дайрсан хүнээ “үхээгүй байна” хэмээн зодож алсан Хятадад хоёр жил, аллагыг харсан гэрч жил зургаан сарын ял авчээ

2011/05/24
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд  Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэл хэмээх газар жонш олборлож байсан “Эжунмэн” компанийн захирал Жан гэгч тус газар хувиараа жонш олборлогч 43 настай Д.Сүхболдыг машинаараа дайрч алсан аймшигт хэрэг гарсан билээ. Жил гаруй мөрдөн шалгасны  эцэст энэ сарын 18- нд Дорноговь аймгийн шүүхийн анхан шатны шүүх хурлаар уг хэрэг таслагдсан байна. Хүн алсан Хятад иргэн хоёр жилийн, аллагыг харж байсан Д.Чимэд жил зургаан сарын ял авчээ. Талийгаачийн ээж 74 настай Ю.Чимэдцэрэн “ Монголд хүний амь ийм хямдхан болсон юм уу, хууль мөнгөтэй, гадны иргэнд үйлчилдэг юм байна. Бид давж заалдана. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж захидал бичнэ. Хүнийг машинаараа дайрчихаад, дээрээс нь үхээгүй байна гээд гүйцээж санаатайгаар зодож алсан хятадад хоёрхон жилийн ял өгсөнд үнэхээр гомдолтой байна. Монголын хууль гадныханд үйлчилдэггүй  юм байна” гэж нулимс унаган ярьсан юм. Түүний гар дээр  талийгаачийн дөрвөн  настай хүү нь өнчин үлджээ. Талийгаачийн эхнэр хүүгээ орхиод явсан гэнэ. Уг хэргийг өмнө нь  автын хэрэг гэж үзэж хэрэгсэхгүй болгон хаах гэж байсныг  ар гэрийнхэн нь хөөцөлдсний хүчинд шүүхээр шийдүүлсэн аж. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг цувралаар хүргэх болно.
Ц.Мягмарбаяр

Сэтгэгдэлүүд

Дээш