logo
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ ӨМЧ БОЛОХЫГ САНУУЛЖ БАЙНА

ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ ӨМЧ БОЛОХЫГ САНУУЛЖ БАЙНА

2017/07/03
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тойрсон маргаан үргэлжилж байна. Уг нь УИХ-ын ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн учраас Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 1З-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах” гэсэн дүгнэлт гаргаж, чуулганаар эцэслэн батлуулсан. Өөрөөр хэлбэл, төр өмчөө буцаан авах шийдвэрийг хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан билээ. Энэ хүрээнд УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь  төрийн төлөөллөөс бүрдүүлсэн. Ингэснээр тус компанийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлсөн.

Гэвч шүүхийн шатанд очоод уг асуудал мөн л гацав. УИХ-ын ажлын хэсгээс холбогдох хяналт, шалгалт явуулж 49 хувийг хууль тогтоомж зөрчиж авсан болохыг тогтоосон байхад “Монголын зэс” корпораци, түүнйи ард нуугдаж байгаа нөхөд хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Тус компанийн нэхэмжлэлтэй гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн сарын 8-ний өдөр хуралдаж, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болголоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр нь хууль бус, түүний хэрэгжилтийг хангаж байсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын гаргасан бүх шийдвэрүүд хүчингүй болсон.



Энэ бүхэнд эрх баригч нам, Монголын жирийн иргэд, “Эрдэнэт” үйлдвэрээс ажил амьдралаа залгуулдаг олон залуу эгдүүцэж байна. Саяхан УИХ-ын дарга М.Энхболд багагүй бухимдаж “Эрдэнэтийн шийдвэр гараад таван сар болж байгаа шүү, Ерөнхий сайд аа. Засгийн газар нэг шийдвэр гаргачихаад шүүх дээр очоод түдгэлзчихлээ гэж та нар хүлээгээд таван сар болж байна. Өөр гарц бас байгаа. Үүнийгээ хийх хэрэгтэй. Олон түмэн хууль тогтоох дээд байгууллагын гаргасан шийдвэр хэрэгждэг эсэхийг хараад сууж байгаа. Үүндээ анхаарал тавих нь зөв. Ард урд нь янз бүрийн хүн байгаа гээд Засгийн газар айгаад суугаад байна уу” хэмээсэн. Үнэхээр ч хууль тогтоох дээд байгууллагаас ард түмний талд, тэдний өмчийг хамгаалж шийдвэр гаргасан байхад цөөн нөхөдийн явуулга, эрх ашгаас болж Монголчууд баялагаасаа хагацвал хожмын хохирлыг хэн үүрэх вэ гэдгийг ийн сануулж байна.  

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг хүчингүй болгуулахад гол лобби хийсэн нөхөд “сахал” Д.Эрдэнэбилэг, “женко” Х.Баттулга тэргүүтэй хүмүүс байх магадлалтай хэмээн жиг жуг хийдэг. Өөрөөр хэлбэл, тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шахах замаар дээрх төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байх магадлалтай гэсэн хар нийгэмд бий болжээ. Өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахын эсрэг утга бүхий саналыг хэд хэдэн удаа хэлж байсан. Тэрбээр чуулганы хуралдаанд оролцож үг хэлэх үедээ “Хууль зөрчсөн тухай асуудал яригдаж байна. Хэрэв тийм бол Цэц, шүүх гээд хэлэлцэж тогтоох газар олон бий. Хүний газраас шороо атгаад ирсэн хүмүүсээ би дэмжинэ. Хувийн хэвшил рүү дайрна гэдэг бол Монголын сайн сайхан руу дайрч байгаагаас ялгаагүй. Тиймээс сайн ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй” гэсэн. Тэгвэл үнэн мөннийг тогтоох үүрэгтэй хууль шүүхийн байгууллагад хамгийн нөлөөтэй байх боломжтой хүн бол Ерөнхийлөгч юм. Тэгээд ч Ардчилсан намынхан шүүхийн бүх эрх мэдэл нэгдүгээр хүний гарт байгаа тухай хэлж байсан удаатай. Тиймээс дээрх гурван хүн нэгдэж нэгнийгээ нэгдүгээр эрх мэдлийн төлөө зүтгүүлж байна хэмээн хардаж буй.

Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн зарим ажилтан, мөн олон нийт эсэргүүцэж өчигдөр жагсаж эхэллээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг гурван хүн бус гурван сая хүний өмч байлгаж, үр ашгийг нь бүх нийтээр хүртэх ёстой хэмээн хэлж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн цаана Худалдаа хөгжлийн банк байгаа хэмээн хардаж, бичиг цаас дэлгэж ирсэн. Тиймээс тус банк 49 хувийг “Монголын зэс”-д хэвээр хадгалж үлдээх лоббигийн гол санхүүжүүлэгч байж, уяаны ноход нь дээр дурдсан гурван хүн байх магадлалтайг олон нийт хэлж байна. Үүнийг тодруулах нэг сэжүүр нь сонгуулийн үеэр Говь-Алтай аймгаас хураагдсан нэг тэрбум 80 сая төгрөг юм. Саатуулагдсан автомашин нь “Милл хаус” компанийн өмч, “Милл хаус” компани нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Алтанцэцэгийн компани юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрынхан мэдэгдсэн. Сонирхолтой нь хураагдсан мөнгө Худалдаа хөгжлийн банкны дардастай болохыг цахим ертөнцөд тарсан зурагнаас харж болно.

Л.Хуяг
Улстөрийн тойм

Сэтгэгдэлүүд

Дээш