logo
Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа Төрийн ордноос биш түймэртэй ойгоос эхэллээ

2017/07/17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор  хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш