logo
ББСБ-ууд хулгай, дээрэмд өртөх нь ихэсжээ

ББСБ-ууд хулгай, дээрэмд өртөх нь ихэсжээ

2017/08/03

Мөнгө ихээр төвлөрсөн, бэлэн мөнгөөр үйлчилдэг банк, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд зохион байгуулалттай гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас анхаарууллаа. Гэмт этгээдүүд урьдчилан судалгаа хийж, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрэмдэх, хулгайлах ноцтой хэрэг үйлдэх болсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх хандлагатай байгааг тус газраас мэдээлж буй юм.

Санхүүгийн зохицуулах хороо аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгохдоо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.1.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын 2.12 дахь заалтыг үндэслэн аюулгүй байдлын нөхцөл хангасан хяналт, хамгаалалтын тоноглол, систем бүрдүүлсэн байхыг шаарддаг. Бэлэн мөнгөний гүйлгээ хийж буй ажилтны аюулгүй байдлыг хангасан хамгаалалт, бичлэгийг нэг сараас доошгүй хугацаагаар архивлан хадгалдаг хяналтын камерьтай байх тухай заалт дээрх журамд бий.

Иймд зохицуулалтын журам, холбогдох хууль, тогтоомжоор нэгэнт хүлээлгэсэн ажилтны болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлэхгүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байх нь нөхөж баршгүй эрсдэл учруулж болзошгүйг ББСБ-ууд болон бусад зохицуулалттай аж ахуйн нэгжүүдэд сануулж, аюулгүй байдлаа ханган, хяналтын камерийн бичлэгийг стандартын дагуу далд орчинд чанд хадгалж ажиллахыг үүрэг болгож байна.

Сэтгэгдэлүүд

Дээш