logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2017/08/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг өнөөдөр /2017.08.03/  хүлээн авч уулзан Монгол Улс, Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Би өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хэчнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Дэлхийн банк бол хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүнг нарийн тооцож, ямар үр ашиг гарсныг дүгнэдэг байгууллага.

Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай эдийн засагтай орон болсон.

Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, ХАА-н сайд байсан хүний хувьд бүтэгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтэгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна “гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкны зүгээс уул уурхайн бус бүтээгдэхүүнийг гадагш гаргахыг дэмждэг хэмээв. Мөн дараагийн ажил хэрэгч уулзалтуудаар үйл ажиллагааны чиглэлийн асуудлуудаар ярилцана гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон 1992 онд “Байгууллагын бүтцийн шинэчлэл ба албан бус салбар” төслийн шугамаар Монгол Улсад анх ирж сургалт семинар, техникийн зөвлөгөө өгч байсан. Мөн 1993-1997 онд дахин Монгол Улсад ажиллаж байхдаа “Томоохон байгууллагын хувьчлалын үр нөлөө, байгууллагын бүтцийн шинэчлэл ба Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн албан бус салбар”-ын чиглэлээр судалгааны ажил удирдаж байснаа ярианы эхэнд дурдлаа.  Үүнээс олон жилийн дараа, 2014 онд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ирсэн байна. Тэрээр мөн авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг хүн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш