logo
Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай

Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай

2017/08/08

Өмнөговийн залуучуудын урлаг, спортын их наадам 8-р сарын 7-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн бүх сумдад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадмын зохион байгуулах төв комиссын дарга, Өмнөговийн оюуны хөгжлийн сангийн тэргүүн Хархүүгийн Мандахбаяртай ярилцлаа.

-Өмнөговийн урлаг,спортын их наадам хэний санаачлагаар зохион байгуулагдаж байгаа вэ?  

-Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрт энэхүү наадмыг зохион байгуулах санаачлага багтсан. 16-35 насны залуучуудын дунд урлаг,спортын их наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хөтөлбөрийн дагуу наадмаа зохион байгуулж байна. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговийн Оюуны Хөгжлийн Сан, Говийн Хүү Сан, хамтран зохион айгуулагчаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Аймгийн хөгжимт жүжгийн театр, Биеийн Тамир Спортын Газар, Өмнөговь аймгийн Оюутны Нэгдсэн Холбоо, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Төгс Голомт ТББ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо зэрэг байгууллагууд оролцожбайна. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Говийн Оюу хөгжлийн сан оролцон говийн залуусаа дэмжин ажиллаж байгаа.

-Наадмыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа гэсэн. Энэталаар?  

-Нэгдүгээр шат нь 8-р сарын 7, 8-ны өдрүүдэд сумдад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эхний шатанд шалгарсан шилдэг тамирчид, уран бүтээлчид маань 8-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Даланзадгад хотноо хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөнө. Нийт оролцогч залуучууд маань урлагийн долоо, спортын 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Сумдын засаг даргын тамгын газар болон Өмнөговь аймгийн оюутны холбооны салбар зөвлөлийн дүү нар маань сум, сумандаа наадмынхаа эхний шатыг маш амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Ер нь сумдын залуус маань тэмцээн, уралдаандаа идэвхтэй оролцож байгаа нь наадмын өнгө төрх, хамрах цар хүрээг нэмэгдүүлж байна. Сумдын удирдлагууд маань урлаг, спортын наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчид уран бүтээлчдийнхээ бэлтгэлийн сайтар ханган оролцож байгаа нь наадмын зохион байгуулалтанд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

-Мэдээж тэмцээн, уралдаан учраас шагналын санг нь хүмүүс сонирхож байгаа байх?

-Нэгдүгээр шатанд сум тус бүрт нэг сая төгрөг, Даланзадгад суманд 2 сая төгрөгийг шагналын зориулалтаар хувиарласан. Медаль, өргөмжлөл, хулдаасан анонс зэргийг зохион байгуулах төв комиссоос олгосон байгаа. Зарим сумдууд маань өөрсдөө нэмж төсөв гаргаад нэгдүгээр шатныхаа уралдаан, тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулсан байна. Одоо хоёрдугаар шатанд байр эзэлсэн тамирчид, уран бүтээлчдээ цом, медаль, өргөмжлөл болон 200.000-800.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

-Тэгэхээр нэлээдгүй санхүүжилт гарч байгаа юм байна. Их наадмын төсвийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

-Наадмын санхүүжилтын гол хэсэг буюу 40 сая төгрөгийг Аймгийн засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгч байгаа. Ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй Өмнөговийн Оюуны ХөгжлийнСан, Говийн Хүү Сан гэсэн хоёр байгууллагаас тус бүр 5 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Говийн оюу хөгжлийн сан”-гаас 19 сая төгрөгийн ивээн тэтгэлгийг олголоо. Тиймээс наадмыг зохих түвшинд зохион байгуулах төсөв хөрөнгө бүрдсэн. Энэ дашрамд говийн залуучууддаа нэгэн дээвэр дор цуглаж хоорондоо танилцах, авьяас чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөх, цаашлаад илүү олон хүнтэй нөхөрлөх, хамтран ажиллах боломжийг олгосон аймгийн засаг дарга Н.Наранбаатар, засаг даргын тамгын газрын удирдлага, ажилтнууд, ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран зохион байгуулж буй төрийн бус байгууллагынхаа нийт залуучуудад Өмнөговийнхоо мянга мянган залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бас залуучуудын төлөөх энэхүү санаачилга, хөтөлбөрийг дэмжин баталж өгсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тэргүүлэгчдэд талархал илэрхийлэх нь зүйтэй. 

-Наадмынзорилго, үрдүн?  

-Энэ наадмын зохион байгуулах төв комиссыг ахалж байгаа хүний хувьд нэг уриалгаар таны асуултанд хариулмаар байна. Хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагдах Өмнөговийнзалуучуудын урлаг, спортын их наадам маань говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай гэж хүсч байна. Залуу насны цог золбоог илтгэсэн, нийтийн биеийн тамирыг сурталчилсан, говийн залуусын урлагийн мэдрэмжийг хөгжүүлсэн, залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн өгөөжтэй арга хэмжээ болгохын бид зорьж ажиллаж байна.

 

 

 

 

Сэтгэгдэлүүд

Дээш