logo
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б.Чойжилсүрэн нартай хатуу тэмцэнэ

2017/08/18

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын болчимгүй шийдвэрүүд эрх баригч намын дотоодод ч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Цагаан хадны гаалийн хяналтыг зогсоохоор болсон шийдвэрт олон хүн эгдүүцэж, уг шийдвэрийг гаргасан Засгийн газар болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нартай эвлэрэхгүй тэмцэхээ мэдэгдэж байна. Учир нь энэ бол Өмнөговийн ард иргэдийг илтэд басамжлан доромжилсон, эрх ашгийг нь хаан боогдуулсан, эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргасан шийдвэр гэж үзэж буй ажээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Мандахбаяр “Өмнөговьчуудаа, энэ засгийн газар биднийг арай л дэндүү басамжлан доромжилж, говьчуудын эрх ашгийг уландаа гишгэж байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээллээс үзэхэд "Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо" гэж дурьджээ. Энэ шийдвэрийн улмаас Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит "Таван толгой" ХК болон Цагаан хад тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд хамгийн их хохирол хүлээнэ. Тэнд хэнээс ч гуйхгүй, хэнд ч гай тарихгүй амь зуулгаа авч яваа хэдэн мянган иргэний амьдралыг сүйрүүлэх гэж байна. Хатуу тэмцэх болно. Энэ бол Сангийн сайд Чойжилсүрэнтэнгүүдийн хийсэн ажил гэдэг нь маш тодорхой байна. Тосон бумбын нурууг маань ухах гэж улангасан дайрч байгаа Чойжилсүрэн болон түүнийг өөгшүүлэн хамгаалагч хэн бүхний эсрэг эрс хатуу тэмцэх болно... Бид эх нутагтаа эзэн нь байж чадахгүй юм бол, бид энэ газар шороон дээрээ тайван амгалан аж төрж чадахгүй л юм бол бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ?!” гэж ил тод эсэргүүцжээ.

Эрх баригч намын салбар хорооны дэд даргын албан тушаалтай атлаа ийнхүү Засгийн газартайгаа эвлэрэхгүйгээр тэмцэх болсон талаар нь түүнээс тодруулахад “Үүнд нам огт хамаагүй. Аливаа шударга бус зүйлтэй нэг нам гэдэг шалтгаанаар эвлэрнэ гэсэн үг байж таарахгүй. Тийм ч учраас намын олон мянган шударга гишүүдийн зүгээс энэ яригдаад буй 60 тэрбумын хэрэг, Засгийн газрын болчимгүй шийдвэр, увайгүй шуналтай сайд дарга нарыг эсэргүүцэж чадаж байгаа гэж харж байна. Манай намаас сонгогдож, томилогдсон Засгийн газар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй сайд дарга нар удаа дараа ард иргэдийг хохироосон, газар нутгийн баялгийг тонон дээрэмдэхийг хөхүүлэн дэмжсэн, өөгшүүлсэн шийдвэр гаргаж байна. Энэ бүхнийг дуугүй хараад суухгүй. Бүх хэлбэрээр хатуу тэмцэх болно. Энэ бол миний хувийн байр суурь юм шүү” гэж ярьсан юм.

Тэгвэл Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаасан байна. Энэхүү хяналтын талбай нь орон нутгийн иргэдийн амьжиргааг хангаж байсан томоохон бааз байсан юм. Ингэснээр орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн борлуулалт эрс буурч, Өмнөговь аймгийн төсөв тасрах аюул тулгарлаа. Төлөвлөгдөж байсан бүтээн байгуулалтын ажлууд нурах эрсдэл үүслээ. УИХ-ын гишүүний хувьд ийм хөнгөн хуумгай шийдвэр гаргасан Засгийн газартай хатуу хариуцлага тооцох болно” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Дээрх шийдвэрийн ард Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эрх ашиг, лобби байгаа гэдгийг олон баримтаар нотолж болох гэнэ. Б.Чойжилсүрэн нь Өмнөговь аймгийн тусгай хамгаалалт бүхий Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар орд эзэмшдэг төдийгүй бүх нүүрсний тээвэрлэлтэд өөрийн хяналтаа тогтоохын тулд ийм башир арга хэрэглэж, эрх мэдлээ ашиглан Өмнөговьчууд, цаашлаад монголчуудыг хохироож байгаа ажээ. Энэ тухай баримтыг бид үргэлжлүүлэн хөндөх болно.  

Б.Хурцболд

Сэтгэгдэлүүд

Дээш