logo
"Энержи Ресурс", МАК, "Өсөх Зоос", Саусгоби Сэндс" компани нүүрсний экспортоо зогсоолоо

"Энержи Ресурс", МАК, "Өсөх Зоос", Саусгоби Сэндс" компани нүүрсний экспортоо зогсоолоо

2020/02/11
Эх сурвалж: Asiamining.mn
 
Коронавирустэй холбоотойгоор Монголын нүүрсний компаниуд экспортоо зогсоож эхлэв. “Өсөх зоос” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чинбат “Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг манайх болон “Саусгоби сэндс”, “МАК” компани өнгөрсөн нэгдүгээр сарын 30-наас экспортоо бүрэн зогсоосон. Хий дэмий өрөнд орж байхаар ингэсэн нь дээр гэсэн шийдэлд хүрсэн” гэв. “МАК” компанийн хувьд нэг сарын хугацаатай ажилчдаа амрааж буйгаа Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нь мэдэгдсэн.
 
Түүнчлэн Гашуунсухайт боомтоор нүүрсээ экспортлодог “Энержи Ресурс” компанийн Олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал экспортоо зогсоож байгаа тухай мэдээллээ. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Манайхаас өнгөрсөн долоо хоногт 2055 машин ачилт хийсэн. Өдөрт 300 орчим гэсэн үг” гэсэн мэдээллийг өгөв.
 
Тэгвэл Гашуунсухайттай хиллэдэг, манай улсаас 120 км зайтай орших БНХАУ-ын Халиут гацаанд Коронавирусийн халдварын хоёр тохиолдол гарсан нь өнгөрсөн бямба гарагийн орой лабораторийн шинжилгээгээр батлагдсаныг өнөөдөр ЭМЯ-наас мэдээллээ. 
 
Үүнтэй холбоотойгоор хилийн боомтуудыг хаах саналыг Өмнөговь аймгийн удирдлагууд гаргаад байна. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг УОК-д албан ёсоор хүргүүлсэн” хэмээн мэдэгджээ. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. 
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш