logo
Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо

Улсын Онцгой комиссын хуралдаан боллоо

2020/02/27

Улсын Онцгой комисс 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

- Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.

- Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг  дуустал 14 хоногоор  түр зогсоолоо.

- Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглож, яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

- Шинэ коронавируст халдвар бүртгэгдсэн голомт бүхий  улсаас Монгол Улсад зорчин ирсэн Монгол Улсын иргэн болон гадаадын иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, зөвлөмж мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллахаар боллоо.  

- Мөн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавируст халдварын талаар санаатай болон санамсаргүйгээр худал, ташаа мэдээлэл түгээсэн этгээдэд хариуцлага тооцохоор болов. 

- Өвчний голомттой, халдвар бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн, Улсын Онцгой комисс болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. 

- Өнөөдрийн байдлаар дэлхийн 38 оронд шинэ коронавирусын халдвар илэрч нийт 80.993 хүн халдвар авч, 2731 хүн нас бараад байна.  Хөрш зэргэлдээ халдварын анхны голомт БНХАУ болон монголчууд  олноороо зорчдог БНСУ, Япон Улсуудад халдварын тархалт өндөр байгаа энэ үед ард иргэд хариуцлагатай, эв нэгдэлтэй, албан мэдээлэлд итгэж, иргэний үүргээ биелүүлж байхыг Улсын Онцгой комиссоос уриалав.

Сэтгэгдэлүүд

Дээш