logo
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав

2020/03/13

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзаж, "COVID-19" коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулахад солонгосын талын дэмжлэгийг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдэв. Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш