logo
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой гүтгэлэг мэдээлэлд хариу тайлбар хийв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой гүтгэлэг мэдээлэлд хариу тайлбар хийв

2020/03/30
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна
 
2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авлаа. Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор нийт 29,054 иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 69,745 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан байна. COVID-19 халдвартай холбоотойгоор иргэд заавал өөрийн биеэр энд тэнд очилгүйгээр онлайнаар, лавлах утсаар, сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлэл зөвлөгөө авах, данс нээх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Хэрэв та “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч бол Эрдэнэс-тавантолгой аппликейшнийг гар утсандаа татаж суулгах буюу 1800-1072 утас, www.ett.mn сайт, “1072 Хувьцаа мэдээлийн төв” фэйсбүүк пэйж хуудаснаас мэдээлэл аваарай.
 
Мөн 158989 дугаарт мессеж илгээн мэдээлэл авах боломжтой. Ногдол ашиг хуваарилах асуудлыг шуурхай, оновчтой зохион байгуулахын тулд ҮЦТХТ, СЗХ болон Төрийн банк, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар зэрэг шаардлагатай төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар тогтмол уулзаж, ярилцаж байна. Мөн ЭТТ аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй 30 орчим брокерийн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. 2019 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилах ХК-иудын жагсаалтыг МХБ-ээс гаргасан. Нийт 29 компани ногдол ашиг олгохоос Мандал даатгал 2.5 тэрбум,  АПУ ХК 76 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүнээс 199.7 тэрбум төгрөгийг  иргэд, ААН-үүдийн эзэмшиж буй хувьцаанд өгөх юм.
 
Компани болон уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
 
COVID-19  халдвартай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ч уурхайн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй, хэвийн явагдаж байна. Оны эхнээс 3 дугаар сарын 29-нийг хүртлэх хугацаанд 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонн нүүрс экспортлоод байна. Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон байна.
 
 
Компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээллийг санаатайгаар тарааж байна
 
Уг мэдээллийн дараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ХМОНХХ-ийн дарга М.Амарбаяр компанийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээллийг санаатайгаар тарааж байгаа тухай хэлээд хэд хэдэн асуудалд тайлбар өглөө. 
 
Тухайлбал, “Уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн сайтуудаар худал мэдээлэл тараасан. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан” гэлээ.
 
Үүнтэй төстэй үйлдэл конвейрийн системийн ТЭЗҮ боловсруулах тендерт мөн гарсан аж. “Иргэн Мөнхбаяр мөн тендер шалгаруулалт дуусаагүй, дүн гараагүй байхад сонин, телевизээр ярилцлага өгч, худал мэдээлэл цацсан. Үнэндээ бол тухайн иргэний Си Ар Эм СИ ХК тендерт оролцсон, ингэхдээ англи болон Монгол хэл дээр материалаа ирүүүлнэ гэж заасан байхад хятад хэл дээр материал ирүүлсэн, мөн тухайн төслийг хариуцан ажиллах этгээд буюу БНХАУ-ын иргэн Жу Жиэн Шинийн “инженерингийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон буюу мэргэжлийн үнэмлэх(сертификат) нь хүчин төгөлдөр бус байсан зэрэг үндэслэлээр Үнэлгээний хороо татгалзсан. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлав.
 
Үүнээс гадна “Эрдэнэс-Тавантолгой” ХК 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ тухайд хэлэхдээ “Уг тендер шалгаруулалт 2018 оны 3-р сард буюу өмнөх удирдлагуудын үед болсон явдал. Тухайн үед захиалагч нэгж төсөвт өртгийг зах зээлийн үнээс өндөр тооцож, тендер зарласан юм билээ.  Гэхдээ тендерт оролцсон хамгийн бага үнийн дүнтэй компани шалгарсан байдаг. Энэ тендерийг ЭТТ ХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. АТГ, Эрүүгийн цагдаа, шүүхэд хандсан. Энэ автобусыг авахгүй гэж. Харин нөгөө тал буюу Мон тээвэр сервис компани нэгэнт тендер зарласан бол үүргээ биелүүлж, энэ автобусыг авах ёстой гэж шүүхэд хандсан. Ингээд шүүхдэлцсэн. Харамсалтай нь дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Гэхдээ ЭТТ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. эцэст нь хэлэхэд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК худалдан авалтын үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. 
 
ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд, ил тод  явагдаж байна. Компани өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллага болон ТӨБЗГ-т хандан худалдан авалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт шалгалт хийлгэж ирсэн. Мөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг KPMG, Ernst&Young гэсэн нэр хүнд бүхий компаниуд аудит хийж байна.  Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе" гэлээ. 
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш