logo
ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно

ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно

2020/04/15

Улсын Онцгой Комисс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 2020 оны есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Тэрбээр танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангид орох сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа.

Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан цэцэрлэг, сургууль, дотуур байрны цахилгаан, дулааныг энэ сарын 15-наас хязгаарлаж төсөвт хэмнэлт гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгосон гэв.

Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг 2020 оны долдугаар сарын 2-нд явуулах, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. ЭЕШ-д орох хүүхдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолтой ч энэ жил монгол хэл, бичгийн шалгалтгүйгээр бүх хүүхэд ЭЕШ өгнө. Үүнтэй холбоотой шийдвэр, тогтоол гарсны дараа тодорхой зохицуулалт хийнэ. Мөн энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийднэ гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэлүүд

Дээш