logo
Нөөцийн мах бэлтгэх ажлыг Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг

Нөөцийн мах бэлтгэх ажлыг Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг

2020/04/22

Олон нийтийн сүлжээнд нөөцийн мах бэлтгэлтэй холбоотой мэдээлэл их тархах болсон. Энэ хүрээнд ХХААХҮЯ дараах мэдээллийг өгч байна. 


ХХААХҮЯ нь үйлдвэрлэгчийг төлөөлж мах, махан бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор үйлдвэрлэх, экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоож зөвшөөрөл өгөхдөө сүргийн бүтэц, бэлчээрийн даацтай уялдуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал маж ахуйн түүхий эдийг иж бүрэн боловсруулах, байгаль орчинд сөрөг нөлөө үр дагавар гаргахгүй байх үүрэг хариуцлагыг тодорхойлж бодлогын гэрээг байгуулдаг. Бодлогын гэрээ байгуулсан бүх аж ахуйн нэгжүүд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгжүүд байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эцсийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах 806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна. Нөөцийн махны худалдааг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэлүүд

Дээш