logo
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг баталлаа

2020/04/30

УИХ-ын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 18 минутад эхэлж, Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Монгол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус хуулийн төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг баримтлан хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн 7.1.3, 10.1.3 дахь заалтаас “цар тахлын голомтод” гэснийг хассан бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед дэмжигдээгүй зарим санал чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул саналын дугаарыг төслийн зүйл, заалттай уялдуулсан байна. Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 2020 оны 04 дүгээр сарын 21-нд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан тул Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаасан болохыг санал, дүгнэлтэд дурдсан.

Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Ингээд зарчмын зөрүүтэй саналын долоон томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулав. Тодруулбал, төслийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээ, захиргаа болон төрийн тусгай албан” гэснийг “эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан" гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжив. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга хэмжээг” гэсний дараа “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн” гэж нэмэхийг УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Түүнчлэн төслийн 10 дугаар зүйлийн гарчгийг “Төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэж өөрчлөн, 10.3 дахь хэсгийн дугаарыг “10.4” гэж, 10.2.3 дахь заалтын дугаарыг “10.5" гэж, 10.2.4 дэх заалтын дугаарыг “10.6” гэж, 10.2.5 дахь заалтын дугаарыг “10.7” гэж тус тус өөрчлөн үг хэллэгийг жигдлэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Төслийн 7 дугаар зүйлийн 7.1.22 дахь заалтын “авахдаа” гэсний дараа “хүүхэд болон” гэж нэмэхийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “арван” гэснийг “таван зуун” гэж өөрчлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 45 гишүүний 44 нь буюу 95.8 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүл мэндийн тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр баталлаа.

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш