logo
УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2020/04/30

УИХ-ын өнөөдрийн (2020.04.29) чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн нараас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 04 дүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тогтоолын төсөл дэх эмч, эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид зориулсан ипотекийн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргах тухай заалтыг өргөжүүлж, “төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчийн” гэж өөрчлөх, эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зориулалтын сан байгуулах, Л.Элдэв-очир гишүүн малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор тодорхой арга хэмжээ авах талаар шинэ заалт нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн, урт хугацаатай 1 хувийн хүүтэй зээл олгох, 1 кг ноолуурыг 100.000 төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 1 сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас эзэмшигчдийн үнэт цаасыг 2020 оны II улиралд багтаан авах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Эрдэнэбат, Л.Элдэв-очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг “8.Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, банкны эрх хүлээн авагч нартай хамтарсан ажлын хэсэг байгуулж татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон улсын орлогод хураагдсан эд хөрөнгөөс олсон орлогыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулж, эмнэлэг сургууль, улсын хэрэгцээнд ашиглах” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 97.5 хувь нь дэмжив. Төслийн 2 дугаар зүйлд “11. Эдийн засгийг идэвхжүүлэх, хямралын эсрэг тусгай зорилтот сан байгуулах” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн тогтоолын төсөлд 3 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Уг заалтад Малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг тэглэх, ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрд олгох,   гадаад улсын худалдан авагч нарыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах агуулга бүхий заалт нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүний 43 нь дэмжсэн юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш