logo
Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн хязгаарлана

Дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүрэгт хөдөлгөөн хязгаарлана

2020/05/06

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд болох талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр /2020.05.05/ мэдээлэл өглөө.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу энэхүү дадлага сургуулилтыг хийх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх юм. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар хэлэхдээ “Маргааш улс нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Дадлага сургуулилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтөд цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой” гэлээ.

 “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилтын үеэр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 07-ны өдөр буюу пүрэв гаригт 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Тухайн хязгаарласан хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,төрийн байгууллага, хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа зогсох юм байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүргийн иргэд оршин суугчид хөл хорио тогтоосон өдөр гадуур явахгүй. Банк санхүү, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дотоод ажлыг зохион байгуулах чиглэлийг өгсөн. Зайлшгүй ажиллах шаардлагатай аж ахуйн нэгжүүд 08.00 цагаас өмнө ажилчдыг цуглуулж, 18.00 цагаас хойш хөдөлгөөнд оролцуулах хэлбэрээр дотоод зохион байгуулалтыг хийлгэж байна.Чингэлтэй дүүргийн хувьд 63.9 км хилийн цэс бүхий нутаг дэвсгэрийг хамардаг. Дүүргийн хэмжээнд тойроод 656  цэгт албан хаагчдыг байршуулж орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаана.

Цагдаагийн байгууллага болон Зэвсэгт хүчний туслалцаатайгаар 2000 гаруй албан хаагч оролцсон хөл хорионы арга хэмжээг авна. Эрүүл мэндийн болон бусад зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөн хийх шаардлагатай иргэдийг 7 цэгт орж гаргахаар зохицуулалтыг хийнэ. Мөн Түргэн тусламжийн 103 болон бусад эрүүл мэндийн байгууллагууд ажиллана. Коронавирусийн халдвар дотооддоо алдсан тохиолдолд бид хэрхэн бэлэн ажиллаж байна вэ гэдгийг Чингэлтэй дүүргийн хөл хорионы нөхцөл байдлаас харж болно” хэмээлээ. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэд үүргэ ухамсарлан гэртээ хөл хорионд байж гамшгаас хамгаалах сургуулилтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалж, дадлага сургуулилтад ач холбогдол өгч хамтран ажиллахыг дүүргийн иргэд, оршин суугчдаасаа хүссэн юм.

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилтын талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн Шуурхай штабаас иргэд, олон нийтэд 12.00 болон 16.00 цагуудад мэдээлэл хүргэх аж. Хөл хориог тогтоосон үед хөдөлгөөн хийсэн иргэдийг Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах юм байна. Нийтийн тээврийн хувьд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэвтрэхгүй аж. Зайлшгүй шаардлага гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хөдөлгөөнд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн хувьд Яаралтай тусламжийн 101,102,103 болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын 7000-7105 дугаарт хандаж болно гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо. 

Сэтгэгдэлүүд

Дээш