logo
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов

Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов

2020/05/08

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. 

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын гишүүн Н.Оюундарь байгаль орчныг хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх, мод тариалахад тухайн орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүд чухал үүрэгтэй байдаг тул орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжсэн бодлого явуулах, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тогтоол батлагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй газруудын нөхөн сэргээлтийн ажлыг ямар байгууллага хариуцаж хяналт тавьж ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан. Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүэйтэй гэсэн горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр  нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.8 хувь нь дэмжив. 

Тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дусгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар боллоо.

Сэтгэгдэлүүд

Дээш