logo
Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батална

Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг батална

2020/05/13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх, тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан УИХ-ын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг УИХ-ын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Байнгын хорооны гишүүд тогтоолын төсөлд тусгасан хотын нэршлийн талаар санал гаргаж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан бол УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймгийн удирдлагууд “Аэросити” гэсэн оноосон нэрийг “Шинэ Зуунмод” гэж нэрлэх саналтай байгааг гишүүдэд дуулгав. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар хотын нэршлийн асуудлаар орон нутгийн иргэд, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын саналыг авч судалж нягталсны үндсэн дээр Засгийн газар шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Ингээд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад хотын нэршлийг нэр мөр шийдэхээр тогтов. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг эрчимжүүлж, Дархан, Эрдэнэт хотын болон аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг яаралтай оруулж ирж хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо.

Сэтгэгдэлүүд

Дээш