logo
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

2020/05/20

Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3, 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн байна.  

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийхээр товлосон боловч Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан билээ.

Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш