logo
Филип Х.Лью: Манай хоёр орны хамгийн бат бөх бөгөөд тогтвортой харилцаа нь цэргийнх юм

Филип Х.Лью: Манай хоёр орны хамгийн бат бөх бөгөөд тогтвортой харилцаа нь цэргийнх юм

2020/06/10

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт гурван өдрийн туршид цахимаар амжилттай явагдаж өндөрлөв. Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Льютай ярилцснаа хүргэж байна.

-Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Батлан хамгаалах салбар дотроо бүр төрөл мэргэжлүүдийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Үүний нэг нь Хуурай замын цэргийн командлалын хоорондын зөвлөлдөх уулзалт юм. Эрхэм дэд хурандаа Таныг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегаар томилогдож ирснээс хойш хоёр орны цэргийн хамтын ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье ...

-Баярлалаа. Сайхан асуулт байна. Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны дотор хамгийн бат бөх бөгөөд тогтвортой харилцаа нь цэргийнх юм. Ийм сайхан дотно нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаатай улсад батлан хамгаалахын атташегаар томилогдсондоо баяртай явдгаа хэлмээр байна. Таны хэлсэнчлэн манай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа төрөл мэргэжлийн түвшинд ч хүртэл өргөжин хөгжиж байна. Энэ нь бидний илтгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүний нэг тод жишээ нь саяхан зохион байгуулагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт юм. Зөвлөлдөх уулзалт маш амжилттай явагдаж өндөрлөлөө.

Хэдийгээр дэлхий нийтээр короновирус (covid-19) цар тахлын нөхцөл байдал хүнд, олон орон хилээ хаачсан ч хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр уулзалтыг цахимаар зохион байгуулсан нь бидний нөхөрлөл хэр түвшинд хүрснийг харуулах том илэрхийлэл гэж харж байна. Монгол Улс, АНУ-ын цэргийн харилцаа, хамтын ажиллагаа нь өөрөө хоёр орны эв найрамдал, нөхөрсөг харьцаа, стратегийн хувьд чухал ач холбогдолтой түншлэл орнууд гэдгийг илтгэнэ. Яг өнөөдрийн түвшинд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа урьд хожид байгаагүйгээр хамгийн хүчирхэг, бат бэх байна гэж ойлгож, харж байна. Өдөр бүр цахим шууданд маань АНУ-ын олон генерал, офицероос захидал ирдэг. “Монгол Улсад очиж сургалт явуулмаар байна. Хамтран ажилламаар байна” гээд л маш их захидал, дуудлага ирдэг. Энэ нь бидний харилцаа, хамтын ажиллагаа ямар хэмжээнд байгааг бас л харуулах биз ээ.

-Дэлхий нийтээр тархсан короновирусын халдвараас шалтгаалж манай хоёр орны Зэвсэгт хүчний хамтран зохион байгуулдаг олон улсын болон хамтарсан сургуулиуд түр хугацаанд саатаж байх шиг байна...

-Тийм ээ. Дэлхий дахинд цар тахалтай холбоотой нөхцөл байдал хүндэрч, түүнээс улбаалж гарсан бэрхшээлүүд нь нөгөө талаасаа нэг зүйлийг тодорхой болгож байна. Би хоёр охиндоо захидаг л даа. “Олон танилтай байж болно, тэр дундаас жинхэнэ найз цөөхөн байдаг” гэж. Жинхэнэ найз нөхөд хэзээ гарч ирж, танигддаг гэхээр бэрхшээл тулгарч, хүнд цагт үргэлж дэргэд байж, тусалдагт оршиж байгаа юм. Яг түүн шиг цар тахал дэлхийн маш олон оронд хүндэрч байхад Монгол Улс, АНУ нөхцөл байдлыг үл харгалзан цэргийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь жинхэнэ нөхөрлөлийн тод жишээ. Бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь бидний нөхөрлөлийн бас нэг жишээ.Таны асуултад хариулахад дэлхий нийтээр тархсан цар тахлын цаашдын нөхцөл байдлыг тааж хэлэхэд бэрх учраас хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөт ажил, арга хэмжээний талаар хэлэхэд ч төвөгтэй байна.

Гэхдээ нэг зүйлийг батлахад цар тахлаас үүдсэн ямар ч хүндрэлүүд гарсан манай хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа цэргийн харилцаа хэзээ ч тасалдахгүй. Үүний ч төлөө АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн алба хичээж, мэрийж ажиллана гэдгээ хэлмээр байна. Миний хувьд Монгол Улсад хоёр биш гурван жилээр буюу нэг жилээр сунгаж ажиллах хүсэлтээ өгсөн бол миний орлогч атташе, хошууч Смолей Э.Матьюгийн нэг жилээр сунгах хүсэлт нь батлагдсан. Хоёр дахь орлогч, хошууч Скот Ж.Кристофер ч ялгаагүй нэг жилээр сунгаж ажиллах хүсэлтээ өгсөн, одоогоор АНУ-д байгаа. Өдөр бүр л бас “Монголд хэзээ очиж болох вэ?” гэж ярьж, захидал бичиж байна. Манай Элчин сайдын яам тэр дундаа Батлан хамгаалахын атташегийн албаны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй тогтоосон харилцааг гүнзгийрүүлэх, дараагийн төвшинд гаргахын төлөө хичээх болно.

-Аль ч орны Батлан хамгаалахын атташе нар манай цэргийнх мэт өөриймсөг санагддаг. Хоёр орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны төлөөх тэдний хичээл, зүтгэл бүхэн ингэж ойлгогддог л доо. Таныг ч бид тэгж харж байна. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Баярлалаа. АНУ-ын Зэвсэгт хүчинд 20 дахь жилдээ алба хааж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж эхэлсний 20 жилийн маань ойн өдөр тохиосон. Манай орлогч атташе, хошууч Смолей Э.Матьюгийн ч гэсэн алба хааж эхэлсний 14 жилийн ой тэр өдөр тохиосон. Бид АНУ-ын Вест-Пойнтын цэргийн академийг төгссөнөөс хойш 14 болон 20 жилийн ой тохиосон гэсэн үг. Вест-Пойнтын академи дэлхийд сургалтаараа маш их алдартай л даа. Сайхан мэдээ дуулгахад Монгол Улсын хоёр сонсогчийг АНУ-ын цэргийн академид суралцуулах гэж байна. Нэг нь Вест-Пойнтын цэргийн академид, нөгөөх нь Тэнгисийн цэргийн академид суралцана. Миний хувьд сургуулиа их санаж байна. Сонсогч нартайгаа цуг очсон бол сонирхолтой байлаа. Та нэг яриандаа намайг монголжуу төрхтэй гэж хэлж байсан шүү дээ.

-Тийм ээ...

-Түүнд хариулахад би Вьетнам гаралтай америк хүн. Миний аав Вьетнамын тэнгисийн цэрэгт офицер цолтой хүн байсан. Өмнөд, хойд хоёр Вьетнам дайтаж, хойд ялахад АНУ-аас өмнөд Вьетнамын дүрвэгсдэд үүд хаалгаа нээсэн. Тэр үеэр миний аав, ээж хоёр АНУ руу цагаачилж гарсан хүмүүс. Мэдээж АНУ-д очоод танилцсан. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны төрсөн нутаг Арканзас мужид тахианы үйлдвэрт ажиллаж байхдаа танилцаж, намайг төрүүлсэн. Намайг багад манай гэр бүл тийм ч элбэг хангалуун байгаагүй. Аав, ээждээ нэмэр болох үүднээс бага ч гэсэн дэмжлэг болж, санхүүгийн хүндрэл үүсгэхгүй байя гээд цэргийн албанд элсэн орж байлаа.

Аав, ээж багаас маань л эх оронч байх үзэл хүмүүжлээр төлөвшүүлж, хариуцлага, сахилга бат, дэг журамтай байхад сургасан. Эх орныхоо төлөө зүтгэх ёстой гэдэг тэр зүйлийг маш сайн ойлгуулж өгсөн нь өнөөдрийн амжилттай яваатай маань салшгүй холбоотой гэж ойлгодог. Надад монгол цэргүүдийн талаар сайхан жишээнүүд зөндөө бий. Сахилга бат, дэг журамтай, хаана ч очоод үүрэг гүйцэтгэх чадвартай цэрэг бол Монголын цэргүүд гэж хардаг юм. Энэ сайхан оронд ажиллаж амьдарч байгаадаа баяртай байгаа шүү. Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Миний сонирхол мотоцикл унах, хоол хийх юм. Монгол Улсын Ерөнхий сайдыг мөн мотоцикл сонирхдог гэж сонссон. Ижилхэн сонирхолтой Монгол Улсын Ерөнхий сайдтай хамт мотоцикл унах боломж гарна гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Хуурай замын цэргийн командлал

Сэтгэгдэлүүд

Дээш