logo
Монгол нэхмэлийн шинэ үе төслийг танилцуулав

Монгол нэхмэлийн шинэ үе төслийг танилцуулав

2020/06/11

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын Текстилийн Инженерүүд Эрдэмтдийн Нийгэмлэгийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ХХААХҮ-ийн сайдын Зөвлөх Р.Жадамбаа, НБТГ-ын мэргэжилтэн В.Болормаа, ХҮХБЗГ-ын мэргэжилтэн Б.Эрхэмбаяр, Монголын Текстилийн Инженерүүд Эрдэмтдийн Нийгэмлэгийн  тэргүүн Ч.Түмэнбаяр, УЗ-ийн гишүүн Ц.Цогбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарзаяа нар оролцов.

Нийгэмлэгийн зүгээс Монголын Текстилийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлж, цаашид тус салбарыг хөгжүүлэхэд будах- нарийн ээрэхийн үйлдвэр болон даавуу үйлдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэж , үйлдвэрийн төслийн талаар  танилцууллаа.

Энэхүү төслийн хүрээнд  ноос, ноолуур болон хөвөн, торгон ширхэгт боловсруулж  жилдээ 311,7 тонн нарийн ээрмэл, нарийн даавуу нэхэх үйлдвэр нь 672000 метр даавуу үйлдвэрлэнэ.  Будах ээрэх үйлдвэрийг тойрсон сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрийн кластер хөгжих юм. Мөн нэхмэл  даавууг тойрсон оёмол хувцасны үйлдвэрийн кластер бий болно. Ээрмэл утас, бүх төрлийн ноос, ноолууран хувцас, ороолт, малгай, оёмол хувцас гэх мэт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол брэндийг бий болгохоор зорьжээ. Төслийн санхүүжилтэд 18 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үйлдвэрийн цогц төслийг ашиглалтад оруулсанаар  жилд 5,7 сая долларын ашигтай ажиллаж, улсын төсөвт  9,3 сая долларын орлогын албан татвар төлөх боломжтой гэж тооцжээ. Мөн төсөл хэрэгсэнээр 1000 орчим ажлын байр бий болж, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх  түлхэж болно гэж үзэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан төслийг цаг үеэ олсон төсөл байна гэж тэмдэглээд, яамны хүрээнд судалж, нийгэмлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр бид төслийг судлаж, Нэгдсэн бодлогын төлөвлөлтийн газар, хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар голлон ажиллана. Яамандаа бодлого гаргаад, Засгийн газрын үндэсний хөтөлбөрүүдийн зорилттой уялдуулаад, боломжоо судлах нь зүйтэй юм. Бидний зайлшгүй зорьж байгаа асуудал. Гүн боловсруулалтаа ахиулаад кластер хэлбэрээр боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр, утсаар хангах асуудал тулсан зорилт болсон. Та бүхний санал, бидний бодлого зорилго нэг чигт байна. Яамнаас мэргэжлийн холбоодтойгоо хамтран ажиллах, хүчээ нэгтгэх бодлого барьж ажиллаж байна. Тиймээс хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг илэрхийлэв.

 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэлүүд

Дээш