logo
Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

2020/06/13

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд  тэргүүн эгнээнд  хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго. 

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг  УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.

Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулвал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон  хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан  100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс  дагаж мөрдөнө.

Сэтгэгдэлүүд

Дээш