logo
Хяналтын тооллогыг нэмж хийхээр боллоо

Хяналтын тооллогыг нэмж хийхээр боллоо

2020/06/27
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүллээ.
 
Хяналтын тооллогыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 2020 оны 6 дугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.  
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71.14-т “Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийлгүүлнэ.” гэж заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харъяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.
 
Улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурджээ.
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн хэсгүүдэд
хяналтын тооллого хийсэн тухай мэдээ
 
Аймаг 2020.6.24-ний өдөр Хувь Нэмэлт тооллого хийх
Нийт хэсгийн тоо Хяналтын тооллого хийсэн хэсгийн тоо Хэсгийн тоо Хувь /Өссөн дүнгээр/
1 Архангай 105 48 45,7 5 50,5
2 Баян-Өлгий 96 46 47,9    
3 Баянхонгор 105 50 47,6    
4 Булган 68 31 45,6    
5 Говь-Алтай 87 37 42,5    
6 Дундговь, Говьсүмбэр 55 32 58,2    
7 Дорнод 72 33 45,8 3 50,0
8 Дорноговь 59 23 39,0    
9 Завхан 111 56 50,5    
10 Өвөрхангай 106 52 49,1 1 50,0
11 Өмнөговь 61 25 41,0 7 53,3
12 Сүхбаатар 64 27 42,2    
13 Сэлэнгэ 56 25 44,6    
14 Төв 96 40 41,7    
15 Увс 92 42 45,7    
16 Ховд 91 33 36,3    
17 Хөвсгөл 129 70 54,3    
18 Хэнтий 89 38 42,7    
19 Дархан-Уул 39 18 46,2 21 100,0
20 Орхон 38 18 47,4    
21 Нийслэл 451 102 22,6 124 50,1
НИЙТ ДҮН 2070 846 40,9 161 48,6
 
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш