logo
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо

2020/07/01

Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн /2020.06.30/ хуралдаанаас Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгаж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, ажлын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үерийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах бүхий л боломжийг хангах ажиллахыг холбогдох байгууллагуудад онцгойлон анхааруулав.

Цаашлаад амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд, олон нийтэд анхааруулж ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн борооны улиралд хөрсний усны түвшин дээшилж ус гардаг газруудад баригдсан орон сууцны барилгын суурийн давхрын хана, бетон шалны баганатай нийлсэн заадас, хийц бүтээцэд эрсдэл үүссэнийг тооцож, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалт болон гарц шийдлийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.  

Нийтийн эзэмшлийн гудамж, авто замд борооны ус тогтож замын хөдөлгөөн удааширч түгжрэл үүсэж байгаа байршлын судалгаа, замын хөдөлгөөний төлөвлөлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг мөн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт даалгасан юм.

Сэтгэгдэлүүд

Дээш