logo
Ч.Хишигбаатар: Сэтгэлийн амар амгалан морины уяан дээр оршдог

Ч.Хишигбаатар: Сэтгэлийн амар амгалан морины уяан дээр оршдог

2020/07/06
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай ярилцлаа.

-Монголын морин спорт уяачдын холбоо Улсын баяр наадмын хурдан морины уралдаанаас бусад улс, бүсийн чанартай бүхий л уралдааныг зохион байгуулсаар ирсэн. Мөн 25 жил үйл ажиллагаа явуулж буй. Энэ хугацаанд монгол хурдан морь гэх ойлголт аль чиглэлд түлхүү хөгжиж явна вэ?
-Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрсөн оноос үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, уралдаан төвтэй наадмыг зохион байгуулж байна гэдэг шүүмжийг хүлээн авч, хурдан морины өвийг уламжлал соёл хэлбэрээр хөгжүүлэх, үүнийгээ дэлхий дахинд сурталчлах шинэ  концепцтой ажиллаж эхэлсэн.

Адуугаа зөвхөн уралдуулах биш, адуу гэдэг соёлоо олон хэлбэрээр эргэлтэд оруулж, Монголыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын томоохон контент болгох ажлыг тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.  Энэ хүрээнд өнгөрсөн онд морины фестивалийг зохион байгуулсан нь хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Ялангуяа гадаадын аялагч жуулчлагч, Монгол дахь гадаад улс орнуудын элчин сайдын яам, сууриан төлөөлөгчийн газрууд зэрэг байгууллагууд тун талархаж хүлээн авсан. Мөн энэ жил Засгийн газар, аялал жуулчлалын салбарынхантай хамтран хэд хэдэн арга хэмжээг дотоодоо зохион байгуулахаар, түүнчлэн ОХУ-д ялалтын баярын парадыг тохиолдуулан Монгол морины түүх, тэсвэр тэвчээр, өв соёлоо сурталчлах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан ч коронавирусийн халдварын улмаас хойшлогдлоо. 

Морин уралдааны хөгжлийг яривал спорт чиглэлдээ түлхүү түрж хөгжиж байна. Хориод жилийн өмнө алдартай уяачдаасаа үг сонсох нь тэр бүр тааралдаж тохиодоггүй ховор завшаан байлаа. Өнөөдөр олон зүйл дээр уяачид холбоогоороо дамжуулан хамтран ажиллаж, хурдан морины эрдмээ хуваалцах, хоорондоо туршлага солилцох нээлттэй боломжтой болсон. Мөн гадаадын чиг хандлага, туршлагыг судлахад өргөн дэлгэр боломжтой болж, шинэ залуу үе энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, хүч түрж орж ирж байгаа нь хөгжлийн нэг шинж болов уу. Хурдан морины өв соёл бол багийн спорт. Энэ чиглэлээр нь аваад үзвэл маш эрчимтэй хөгжиж, үүнд жилийн дөрвөн улирлын  турш хүч, хөдөлмөрөө зориулдаг мэргэжлийн багууд олон болж байна.  Орчин цагт унаа тээвэр, хүүхэд, туслах уяач гээд олон бүрэлдэхүүнтэй багийн спорт байдлаар хөгжиж байна. 

-Зөвхөн спорт талаас нь авч үзэх боломжгүй, монголчуудын маш том өв соёл учраас эвдэж хөндөхгүй хадгалах учиртай зүйлс ч бий. Орчин үед хөрөнгө мөнгөтэй хүмүүс хүч түрэн орж ирснээр монгол наадмын түрүү энгийн адуучдадаа олдохоо байсан гэсэн шүүмжлэл дагалдах болсон. Тийм тал байна уу?
-Хурдан морь уях, сойх гэдэг нь хөрөнгө бэлтэй хүний ажил гэхээс илүүтэй ажилсаг хүний ажил юм. Одоо ер нь хаа сайгүй хурдан морь уяачид, сонирхогчид, адуучид бүгд л ойролцоо түвшинд бэлтгэж, хүн хүч, хөрөнгө мөнгө, хөдөлмөр зардаг болсон доо. Ялгаа бага болсон. Харин өв соёл гэдэг талаасаа таны хэлж байгаа яах аргагүй үнэн. Нэг талаар хурдан морины уралдаан бол спорт, нөгөө талаас монголчуудын уламжлалт баяр наадам, өв соёл. Үүнийгээ хадгалж үлдэж, үр хүүхдүүдээ өвлүүлэх үүрэг хариуцлага бас бий. 

-Монголчуудын малчин ахуй, өдөр тутмын амьдралын хэв маягт хамгийн ойр спортын төрөл гэж үзэж болох байх. Тэр утгаараа тэмцээн уралдаан олон байх тусам уяачид дуртай байдаг уу. Ер нь сүүлийн жилүүдэд өвөл, хаврын уралдааныг хориглосонд холбоо ямар байр суурьтай байна вэ? 
-Хурдан морь гэхээр зөвхөн уралдаанаар төсөөлөх боломжгүй. Үүнийг дагаад монголчуудын маш олон өв соёл хөгжиж явдаг юм билээ. Дээл хувцас, эдлэл хэрэглэл, гар урлал, уран дарх гээд олон зүйл дагаж хөгжиж ирсэн. Эдгээр төрөлд маш олон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, хурдан морины өв соёл дагасан олон арван ажлын байр бий болсон юм билээ. Сүүлийн үед өвөл, хаврын морин уралдааныг хориглосноор тэдгээр дагалдах салбарт цохилт ирсэн.  Хурдан морины уралдаан дагасан эдийн засгийн эргэлт, борлуулалт буурсан гэсэн үг.  Манай холбоонд олон хүн энэ байдлын улмаас ханддаг. Бид эдийн засгийн ач холбогдол талаас судалгаа хийж байна. 

Монгол орон өргөн уудам газар нутагтай. Хамгийн хүйтэн нутаг болох Увс, Завханд хасах хэмтэй байхад говийн аймгуудад хэдийн нэмэх градуст хүрчихсэн байдаг. Энэ мэт онцлогийг харгалзаад хаврын морин уралдааныг зохион байгуулахад болохгүй зүйл огт үгүй шүү дээ. Хэдэн зуун, мянган жилээр энэ нутагтаа дасан зохицож, уламжлал ахуйгаа өнөөдрийг хүртэл өөрчлөхгүйгээр амьдарч ирсэн ард түмэнд ийм уламжлал хэдийнээс нааш байсан. Үүнийгээ хөгжүүлээд, хадгалаад явахад болохгүй зүйлгүй. Уралдааны үед гарч болох эрсдэлүүдийг урьдчилан сэргийлсэн, стандарт тогтоосон, түүнийгээ хэрэгжүүлсэн байх гэдэг шаардлагыг тавихад л болохоор. Ер нь уралдааныг хориглосноос болж, нууц хэлбэрийн уралдаанууд энд тэнд болох нь элбэгших хандлагатай байна. Харин ч ингэснээр стандартгүй, элдэв осол эрсдэл гарах магадлал нэмэгдэнэ шүү дээ. Манай холбооноос албан ёсоор зохион байгуулж байгаа уралдаанд цагдаагийн хамгаалалт, түргэн тусламж бүхий аюулгүй байдлыг хангах бүтэн баг ажилладаг. Үүгээрээ их өөр. 

Биднийг дотооддоо уралдаан тэмцээнээ ийм байдлаар харж, хааж байхад БНХАУ Өвөрмонголоо түшиглэн адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг төрийн бодлогын түвшинд маш амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Монгол адууны өв соёл гэдэг томоохон контент бий болгон аялал жуулчлалыг татаж байна. Үүнийг дагаад манай олон уяач, адуучид, тамирчид Хятад руу гарч ажиллах болсон. Бид өөрсдийн өв соёлоо хаах, хавчих хэлбэрийн бодлого явуулаад байгаа юм биш биз дээ гэж эрхгүй бодогдох боллоо. 

-Хурдан морь унаач хүүхдүүдийг би жинхэнэ тамирчин гэж боддог. Гэхдээ тэдний аюулгүй байдлыг хамгаалах асуудал, эрхийн асуудал маш хүчтэй яригддаг. Та бүхэн унаач хүүхдүүдийг бүтэн даатгалд хамруулдаг болсон нь сайшаалтай ч эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам мөн үү? 
-Хурдан морь унаач хүүхэд гэдэг бол уралдааны зам дээр морио яаж давхиулах , хурдлуулах тактикийг атгадаг маш чухал үүрэгтэй тамирчид юм. Гэхдээ энэ бол монголчуудын нүүдлийн аж ахуй, амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг байсаар ирсэн уламжлалт хөдөлмөр. Үүнийг тэвчишгүй хөдөлмөр, хүүхдийн эрхийн зөрчил талаас нь олон улсын хэмжээний хурал дээр анх танилцуулж, үүгээрээ шагнал хүртэж байсан нэр хүнд бүхий хуульч ч байдаг. 

Өнөөдөр дэлхий дахинд хотжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Энэ дунд бидэн шиг нүүдлийн уламжлалт соёл ахуйтай, үүндээ дасан зохицож ирсэн ард түмэнд ямар асуудал тулгарах юм бэ гэдгийг төр засгийн бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэж боддог. Олон зууны турш энэ нутагт ингэж амьдрах ёстой гэсэн шалгарч үлдсэн зүйл гэж бий. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд хөгжүүлээд аваад явахад уг нь амархан даа. Ямар ч байсан үгүйсгэх, устгахаасаа илүү хялбар. Надад бол гурван сая хүн, Америк, Хятадыг дуурайх хэрэггүй. Уг үндэс соёл нь юу юм бэ, цаашаа яах вэ гэдгийг бодоход амархан.

Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулиудад үндэсний өв соёлыг сурталчлах агуулга оруулмаар юм шиг санагддаг. Улс үндэстний тусгаар тогтнолд хоёр гол зүйл байдаг. Нэгт,  газар нутаг бүрэн бүтэн байх, хоёрдугаарт үндэсний өв соёл бүрэн бүтэн байх хоёр асуудал байгаа. Манай холбооны эрдэмтдийн зөвлөлөөс анги танхим, гэрээсээ гардаггүй хүүхдүүдийг монгол ахуй дээр байгаа хүүхдүүдтэй харьцуулж судлах ажлыг хийж эхэлсэн. Самбаачлах хурд, орчиндоо дасан зохицох чадвар, бэрхшээлийг туулах чадвар гээд олон зүйлээр ялгаатай байна. Морь унах гэдэг гадаадад бол их өндөр үнэ төлж сурах зүйл. Гэтэл бидэнд бол амьдралын хэв маяг шүү дээ. Түүх соёлоо сайн талаас нь хардаг, сурталчилдаг байх сан гэж боддог юм. 

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах нь яах аргагүй чухал асуудал гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Өнгөрсөн жилээс унаач хүүхдүүдийг бүрэн даатгалд хамруулах болсон. Энэ даатгал зөвхөн уралдааны үеэр гэлтгүй бусад үед ч үйлчлэхээрээ онцлог. Морин спорт уяачдын холбоо, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, даатгалын компаниуд хамтран хэрэгжүүлсэн төсөл. Даатгал дангаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам болж чадахгүй нь үнэн. Уралдаан тэмцээн явуулах зам харгуйгаас эхлээд зохион байгуулалт, менежмент, стандарт, уяач, тамирчдын бэлтгэл гээд олон хүчин зүйлийн нийлбэрээр бид осол гэмтлээс урьдчилан сэргийлнэ. Сайн стандарт тогтоогоод түүнийгээ мөрлөх, хэрэгжүүлэх явдал шүү дээ. 

-Өнөөдөр улсын баяр наадмыг Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг зохион байгуулдаг. Үүнд танай холбоо хэр хамтарч ажилладаг вэ. Тухайлбал, сэрвээний өндрөөр морьдыг ялгаатай уралдуулах болсон. Үүнд та нарын оролцоо бий юу?
-Улсын наадмыг төр зохион байгуулдаг, бусад уралдаан тэмцээнийг манай холбоо зохион байгуулсаар ирсэн. Төрийн наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулах эрхээ ч гэсэн Засгийн газар мэргэжлийн холбоодод нь өгчихээч ээ гэж хэлмээр байгаа юм. Манай холбоо бүх гишүүдээр хэлэлцүүлэн уралдааны дүрмийг баталдаг. Эрлийз морь, монгол морийг тусад нь уралдуулна гэдэг маргаан гарч, улмаар эрлийз, монголыг яаж тогтоох вэ гэдэг байдлаар асуудал үргэлжилсэн. Холбооны гишүүдийн их хурлаар өнгөрсөн жил хурдан морины уралдааны дүрмийг олонхын саналаар шинэчилэн баталж, эрлийз, монгол морь гэх маргааныг бид өөрсдийн зохион байгуулдаг уралдаан, тэмцээн дээр тасалсан. Үүнийг өнгөрсөн жилийн баяр наадамд мөн ашиглаж, морьдыг сэрвээний өндрөөр нь ялгаж, эрлийз болон монгол адууг тусад уралдуулсан. Хэл амгүй сайхан наадам болсон.

-Уралдаан, наадам шударга сайхан болох ёстой. Үүний ард уяач, унаач олон хүний хөлс хөдөлмөр хохирох ёсгүй л гэсэн үг. Энэ талаар ер маргаан гардаг уу?
-Үндэсний спорт, өв соёлын нэг том ялгааг манай уяачид яах аргагүй харуулж чаддаг юм. Наадамд ямар нэг будилаан ярихгүй, хэл ам хийхгүй жудаг байдаг. Хэнийх нь ч морь түрүүлсэн бүгдээрээ баярлаж, бахархаж чаддаг. Бас байгаагаа олонтой хувааж мэддэг их сайхан чанар бий. Наадмын галаар явж байхад орсон гарсан хүн бүрийг дайлж цайлна, үүдээр шагайсан хүүхэд бүрийг өхөөрдөж, өвөрт нь чихэртэй гаргана. Хамаг сайхан ёс заншлаа хадгалж, хөгжүүлж яваа их мундаг хүмүүс байдаг юм шүү дээ. Манай холбоо 120 мянган гишүүнтэй. Өнгөрсөн хавар Улсын онцой комисст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулан 120 сая төгрөгийг манай холбооноос хандивласан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш Хятад улсад 30 мянган хонь хандивлана гэж мэдэгдсэнийг сонсоод маргаашаас нь л гишүүд маань хандивын хонинд хувь нэмрээ оруулна гээд хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн. Бид нэгдэж нийлж чаддаг, байгаагаа бусадтай хуваалцаж чаддаг хүмүүс. Гэхдээ үүнийг сурталчилдаггүй юм. Уяачид бүгд нэг тийм сайхан чанартай. Өрөөлийн хүүхдээр морио унууллаа гэхэд дараа нь туслах уяач болгоно, дараа нь уяач болгоно. Насанд хүрэхэд нь гэр барьж, мал тасалж өгнө. Монголын мянга мянган уяачид ийм ажил хийсэн мөртлөө хэн нь ч үүнийгээ ил гаргаж тавьдаггүй. Бичигдээгүй хууль юм. Өнгөрсөн жил гэхэд монгол наадмын баатар нь хүүхэд юм гэдгийг бид сурталчилсан. Түрүүлсэн морины хүүхдүүдээ байраар шагнасан. Хүүхдүүд ямар үнэ цэнтэйг мэддэг. Гэхдээ ярихгүй. Ярихаар муу хэлнэ гэж үздэг юм.

-Адуу хийморьтой сайхан амьтан гэж монголчууд дээдэлдэг. Үнэхээр эзэндээ хийморь дагуулдаг уу? 
-Сэтгэлийн амар амгалан морины уяан дээр л оршдог. Та яваад очсон ч үүнийг мэдэрнэ. Өөр юу ч бодохгүй. Түрүүлсэн морьдоо хараад монгол даяараа баярладаг. Хүй долоон худагт морьд барианд орохыг харахад самсаа өөрийн эрхгүй шархирдаг. Энэ бол агуу соёл. Ямар сайхан энерги, үгээр хэлж боломгүй мэдрэмжийг өгдөг билээ? 

Манай уяачид дэлхийн том тойруулга дээр хөл тавиад түрүүлж үзсэн. Магадгүй үүгээрээ бид дэлхийд гарч болно. Үндэсний өв соёлоо ирээдүй болсон хүүхдүүддээ өвлүүлэх ажлыг бид системтэйгээр хийх хэрэгтэй. Энэ бол өв соёл төдийгүй бидний үндэс суурь шүү дээ. Яаж үр хүүхдүүдээ эрүүл саруул байлгах вэ гэдэг бидний хамгийн чухал асуудал. Тэгвэл биднийг монгол хүн болгосон энэ л байгаль, газар нутаг, уур амьсгал, ахуй соёлд эрүүл саруул оршихуйн үндэс суурь нь байдаг юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэлүүд

Дээш