logo
Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна

Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна

2020/07/10

Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр. Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж заажээ. Мөн 2009 оноос хойш жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн парад жагсдаг уламжлалтай.

Дэлхийн нийтийг коронавирусний цар тахлын аюул нөмөрч, манай орон бэлэн байдлын өндөржүүлсэн төвшинд ажиллаж, амьдарч байгаа энэ өдөр ч Монголчууд бид Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд алтан соёмбот Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлнэ.

Монгол түмний Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх болсон түүхээс товч өгүүлсү. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн ажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.  Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Монгол Улсын  Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан байдаг. Харин 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхэлсэн байна. 

Монгол Улсын Төрийн далбааны түүхээс...

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй. 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.



Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.

Тэгвэл 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

Харин 1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгджээ.

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.



Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ. Энэ нь “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна” гэжээ.

1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.

Харин 1992 оноос хэрэглэж байгаа Монгол Улсын төрийн далбаа улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байдаг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдагтай холбоотой.

Сонирхуулахад, гадаадын улс орнууд ч төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлдэг.  Тухайлбал, Канад улс хоёрдугаар сарын 15, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14, Европын холбоо тавдугаар сарын 9, Итали Улс нэгдүгээр сарын 7-нд тус тус Төрийн далбааны өдөрөө тэмдэглэдэг байна.

Сэтгэгдэлүүд

Дээш