logo
Боловсрол, шинжлэх ухааны сайд сурагчдын төлөөллийн саналыг сонсов

Боловсрол, шинжлэх ухааны сайд сурагчдын төлөөллийн саналыг сонсов

2020/07/22

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын сурагчдын холбооны төлөөллийг урьж уулзав. Уулзалтад тус холбооны дэд тэргүүн О.Оргилсайхан, сурагч Н.Уянга, Т.Ундрах болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Боловсролын үйлчилгээг хүртэж, эрдэм, мэдлэг, ур чадвар эзэмшиж байгаа сурагчдын төлөөлөлтэй уулзаж, сургалтын чанар, орчин, хүүхдийн хөгжил, оролцооны талаар ярилцахыг хүссэн тухайгаа сайд онцлов.

Сурагчид холбооныхоо болон сургуулийн үйл ажиллагаа, өөрсдийн хөгжлийн асуудлыг чөлөөтэй ярьж, сургалтын орчин нөхцөл, сурах бичгийн хүртээмж, агуулга, теле хичээлийн үр дүн, сурагч, багш, ажилтнуудын харилцаа, сэтгэл зүйч ажиллуулах шаардлага, хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар санал бодлоо хэлэв.

Сайд Л.Цэдэвсүрэн сурагчдын хамтын оролцооны үйл ажиллагаа, сургалтаас гадна өөрсдийгөө хөгжүүлэх санаачилгыг дэмжих, хүмүүжил, төлөвшлийн ажлыг илүү хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав. Мөн Монголын сурагчдын холбооны ажлыг өргөжүүлж, чанаржуулах талаар зөвлөгөө өглөө. Энэхүү уулзалт нь боловсролын салбарын хамгийн гол хэрэглэгч болох сурагчдын санал, хүсэлтийг бодлогод тусгахад чухал ач холбогдолтой болов.

Сэтгэгдэлүүд

Дээш