logo
Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалан хамгаалахад хамтран ажиллана

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалан хамгаалахад хамтран ажиллана

2020/07/23

Нийслэлийн Соёл, урлагийн газар нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгааг  эрчимжүүлж, хадгалан хамгаалах чиглэлээр арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан устах, эвдрэх аюулд учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулахад анхаарч ажиллаж байна. Уг чиглэлийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Соёл урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв, соёлын хүрээлэн болон Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөл ТББ-тай хамтран 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулав.

Энэхүү санамж бичиг нь Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, соёлын өвийг нийтийн хүртээл болгох соёлын инновацийг хөгжүүлж аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох зорилготой юм.

Тус санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

- Улаанбаатар хот орчмын соёлын өвд хамаарах түүхэн дурсгал, барилга байгууламж, археологийн дурсгалуудын хадгалалт хамгаалалтын орчинд үнэлэлт дүгнэлт өгөх, хамгаалалтын бүс тогтоох, судалгаа шинжилгээ хийх, улмаар соёлын өвийн дурсгалд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох ажлыг хамтран зохион байгуулах,

- Судалгааны ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хамтран бий болгох, төрөл бүрийн хандивын үйл ажиллагаа зохион байгуулах,

- Судалгааны ажлын үр дүнг олон нийт, мэргэжлийн байгууллага, аялал жуулчлалын компаниудад нээлттэй хүргэх,

Түүнчлэн, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалын хайгуул судалгаа” төслийг ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэхүү төсөл нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын мэдээллийн сан үүсгэх, иргэний өмчилсөн болон эзэмшиж буй газар дээр байгаа соёлын өвийг авран хамгаалах, хамгаалалтын бүс, зэрэглэл тогтоох, судалгаа хийх зэрэг зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш