logo
Т.Батмөнх: Эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр нэмж боловсрууллаа

Т.Батмөнх: Эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр нэмж боловсрууллаа

2020/07/30

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, дэлхий нийтэд тархсан цар тахлаас үүдэн  эдийн засаг хямарч хүндхэн байгаа энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулан ярилцлаа.

-Энэ онд үйлдвэрт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилээс 2 дахин нэмэгдлээ. Иймд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжих том төслүүдийн явц ямар байгаа  талаар ярилцлагаа эхлэе?

-2023 он гэхэд манай хүдэр дэх зэсийн агуулга эрс буурч, доод түвшинд хүрнэ.  Иймээс бид хүдэр боловсруулалтын түвшинг жилд гурав орчим хувиар өсгөх зорилготой ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд зургаан сая тонн хүдэр боловсруулах шугамыг  нэмж барьж, ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлсэн. Өргөтгөлийн корпусын  газар шорооны ажил  үндсэндээ суурийн улны түвшинд хүрлээ. Үндсэн тоног төхөөрөмжийн суурь хийхээр 5 метр гүн газар ухаж  байна. Бетон цутгалтын зарим  ажлууд  эхэлсэн.  Газар шорооны ажлаа хүйтэн  сэрүүн орохоос өмнө дуусгаад, барилгын угсралтын ажлаа эхлүүлнэ. Энэ шугамыг бид 2021 оны наймдугаар сард  залгах зорилттой юм. Ажил  төлөвлөгөөний дагуу сайн явж байна.

Мөн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа. Ажил эхэлсэн. Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг барьж байгуулах ажлын  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Штабууд энэ долоо хоногоос хуралдаж эхэлнэ. Бид энэ үйлдвэрээ  11 дүгээр  сар гэхэд ажилд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Цэвэр усны гуравдугаар шугам барьж байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Одоогийн байдлаар зураг төслийн ажил хийгдэж байна. Зураг төсөл батлагдсаны дараа  гүйцэтгэлийн ажил  эхэлнэ. Энэ мэтчилэн том ажлууд урагштай явж байна.

-Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа зогсоож, дараа жил хүртэл найдвартай ажиллах боломжийг хангах зорилгоор их засвар хийдэг. Энэ том ажлын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Бид уламжлал ёсоор өвлийн бэлтгэл ажлаа хангахад 300 орчим ажил төлөвлөөд хийж байна. Хүндрэлтэй зүйл ер нь байхгүй. Хамгийн гол нь их зогсолтын ажил бидний өмнө байна. Манай үйлдвэрт их зогсолтын хоёр ажил хийгддэг болсон. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болсон учраас Дулааны цахилгаан станц маань төвийн эрчим хүчтэйгээ холбогдож, тоног төхөөрөмжөө  зогсоож, засварлана. Бэлтгэл нь сайн хангагдсан. Мөн 7 дугаар сарын 31-нээс  8 дугаар сарын 2-ныг хүртэл үйлдвэрийн хэмжээнд их зогсолт болно. Засварт  шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ бэлтгэсэн.  Энэ жилийн хувьд хүдрийн хоёр агуулахаа хоосолж байгаад течикээ /урсгуур/ засаад авчихвал таван жил агуулахдаа “гар  хүрэхгүй” байх боломж бүрдэнэ. Энэ мэтчилэн  засварын ажлуудаа төлөвлөгөөний дагуу чанартай хийхээр зорьж байна. Их  зогсолтын бэлтгэл, төлөвлөсөн  ажлууд  тасралтгүй явж байна. Хүний нөөцөө ч бэлтгэсэн. Шаардлагатай тохиолдол гарвал гадны байгууллагын хүчийг ашиглана. Гэхдээ ихэнх ажлаа бид өөрсдийн хүчээр хийчихнэ. Ер нь бол бэлтгэл сайн хангагдсан болохоор хүндрэл гарахгүй гэж найдаж байна. Их засвараа чанартай сайн хийж гүйцэтгэснээр дараа жил хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмж найдвартай ажиллах боломж бүрдэнэ.

-Манай үйлдвэрийн цех нэгжүүд энэ онд өртөг зардлаа бууруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ чиглэлээр  оны эхний хагас жилд хэрхэн ажиллаж,  ямар үр дүнд хүрэв?

-Үйлдвэр маань энэ жил нэлээн хүнд, амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавирустай холбоотойгоор манайхтай  хамтарч ажилладаг гадны байгууллагууд, үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа зогссон. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш он гарснаас хойш огцом уналаа. Ийм хүндрэл байсан хэдий ч үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж, дээрээс нь нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, энэхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Үйлдвэрийн хэмжээнд шуурхай штаб байгууллаа. Төв штабыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахалж, миний бие тасралтгүй ажиллагааг хангах, мөн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх штабыг ахлан ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ биелүүлснээс гадна нэмэлтээр 270 мянган тонн хүдэр боловсруулж орлого оллоо. Үүнийхээ үр дүнд ажилчдынхаа цалинг 6 дугаар сарын нэгнээс 10 хувиар нэмлээ. Мөн шагнал, урамшуулал ч олгосон. Өртөг зардлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Өртөг зардлыг  бууруулан ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөрийн өртөг тодорхой хэмжээнд буурсан. Энэ утгаараа үйлдвэрт үүсэх бэрхшээлийг даван туулж байна даа.

-Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах  сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийг  хэр бүрдүүлэв?

-Гадны харилцагч байгууллагууд зогсох үед бид үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд нөөц тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бэлтгэж  авах ёстой. Үүнийгээ бүрдүүлж чадсан учраас хямралын үед хүндрэлгүй ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд импорт орлох бүтээгдэхүүнийг ЗМЗ-даа  хийж, ашиглаж байна. Дотоодын нийлүүлэгч компаниудад давуу эрх олгож байна. Цаашдаа дэлхий нийтийг хамарсан энэ нөхцөл  байдал хэр удаан  үргэлжлэхийг өнөөдөр хэн ч хэлж мэдэхгүй байна шүү дээ. Тийм учраас үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахын тулд  штаб тасралтгүй ажиллаж, цаг алдахгүйгээр шийдвэр гаргах ёстой. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн маань ирэх оны бизнес төлөвлөгөө хийгдэж байна. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, бараа материал худалдан авах ажиллагааны төлөвлөлтөө хийж эхэллээ. Бид  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар төлөвлөгөөгөө  батлуулаад авчихвал дараа жилийнхээ ажилд шууд орох боломжтой болно.

-Ган бөөрөнцгийн цех болон ЗМЗ-ын Цутгуурын цехэд томоохон техник, технологийн шинэчлэлийн ажлууд хийгдлээ. Эдгээр цехийн  үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-ЗМЗ-ын Цутгуурын цехэд цутгамал бүтээгдэхүүний чанарыг сайжруулах технологи нэвтрүүлэн 5 дугаар сарын 1-нд залгасан. Өнөөдрийн байдлаар цутгамал бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Үндсэндээ эхний хагас жил шахуу хугацаанд үйлдвэрлэл зогссон байсан учраас тухайн үед үйлдвэрлэх байсан бүтээгдэхүүнээ нөхөж  үйлдвэрлэхээр шаргуу ажиллаж  байна. Үйлдвэрлэлийн ажиллагаа ч жигд сайн явж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр бүтээгдэхүүн  үйлдвэрлэх  хурд, чанар дээшилсэн. Энэ нь цаашид эдийн засгийн үр ашгаа өгнө. Ажлын байрны орчин нөхцөл ч маш сайн болсон. Цаашид ЗМЗ-ыг хэрхэн өргөтгөх талаар  нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах  ажил хийгдэж байна.

Ган бөөрөнцгийн цехэд индукцийн зуух ашиглаж шаар үйлдвэрлэх хос шугам  ашиглалтад орсон. Ингэснээр олон нааштай өөрчлөлтүүд гарлаа. Юуны түрүүнд бүтээгдэхүүний гадна дотор  хатуулгийн зөрүү ойртож, ган бөөрөнцгийн чанар эрс сайжирсан. Энэ нь  хүдэр нунтаглах циклд өөрийн өртгийг бууруулахад багагүй хувь нэмрээ оруулах юм. Нөгөө талаас цехийн ажилчдын ажлын байрны орчин нөхцөл эрс сайжирсан. Тэнд одоо ямар нэгэн хүхэрлэг хий, тоос байхгүй ч дуу чимээ бол бий. Гэхдээ зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа. Ажилчдадаа хамгаалах хэрэгсэл, чихэвч ашиглуулж байна.  Байгаль орчинд нөлөөлдөг сөрөг нөлөөлөл үгүй болсон. Хотын төв замаас 50 м-ийн дотор үйлдвэрлэл явагдаж байна гэдэг үндэслэлээр  Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хуучин цехийг ажиллуулахыг хориглодог байсан ч энэ асуудлаа шийдсэн. Өнөөдрийн байдлаар тус цех 40, 80, 100 мм-ийн голчтой шаар үйлдвэрлэж байна.  Цаашид бид 120, 125 мм-ийн голчтойг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. Энэ ажил хийгдвэл үйлдвэрийнхээ  хэрэгцээний шаарыг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг болно.Түүнчлэн ижил төстэй үйлдвэрүүдэд шаар  нийлүүлэх боломж бүрдэх юм.

 -Онцгой дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдал үйлдвэрийн газарт үргэлжилж буй энэ үед ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

 -Манай үйлдвэрт онцгой дэглэм үйлчилж байгаа. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал ч үргэлжилж байна. Энэ хоёр дэглэмийн үед бидний үйл ажиллагаа урьдын адил хэвийн явж байна. Хүний урсгал, бөөгнөрөл  хамгийн их газар Эрдэнэт үйлдвэр. Иймээс Улс, орон нутгийн Онцгой комиссын шийдвэр, чиглэл бүрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал  халдваргүйжүүлэх, ариутгалын ажлыг тогтмол хийж хэвшсэн. Энэ үйл ажиллагаанд гадны гурван компани гэрээгээр ажиллаж байна. Ариутгалыг хоногт гурван удаа автобус, ажлын байранд хийж байна. Ажилчдынхаа халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдолд шуурхай арга хэмжээ авч байна. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хилээр орж ирж буй хүмүүсийг тусгаарлах байранд байлгаж, холбогдох арга хэмжээ авч, халдвар тархаахгүй байх,  хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд тодорхой хэмжээний зардал хөрөнгө мөнгө зарцуулж  байна. Мөн ажилчдадаа ухуулан сурталчлах  ажил хийж, хамгаалах хэрэгслээр хангаж, ажлын цаг ашиглалтад хяналт тавьж байна. Нөгөө талаар энэ жил бороо хур, үер ус ихтэй байна. Цөөнгүй ажилчны  ээлжийн амралт таарч байна. Тэдэнд  үер устай, олныг хамарсан халдварт өвчин гарсан газруудад зорчихгүй байх зэрэг анхааруулга, зөвлөмжийг өгч байна. Энэ жил гэнэтийн  дуу цахилгаантай, усархаг бороо орж байгаагаас цахилгааны тоног төхөөрөмжүүд дээр гэнэтийн тасралт зогсолт гарах магадлал байна. Аянга зайлуулагчийн ажиллагаанд хяналт тавьж, бэлэн байдлыг  ханган ажиллаж байна. 

-Ярилцлагын төгсгөлд та үйлдвэрийнхээ ажилчдад хандаж юу хэлэх вэ?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал эдийн засагт ихээхэн хямрал бий болгож байна. Ийм үед цалингаа нэмсэн үйлдвэрийн газар Монголд манайхаас өөр байхгүй ээ. Бид хүчээ нэгтгэн хүнд үеийг даван туулж байгаагийн  үр дүнд эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-120 хувиар биелүүллээ. Түүнийхээ үр шимийг ажилчнаасаа удирдлагаа хүртэл хүртлээ. Иймд  ажилтан бүр сахилга дэг журамтай байж,  ажилдаа  чин сэтгэлээсээ хандах нь энэ үед  хамгийн чухал. Бид цаашид ч  илүү зохион байгуулалттай, эвтэй байж хамтын хүчээр дэлхий дахинд үүсч буй хүндрэлийг амжилттайгаар даван туулж чадна гэдэгт итгэж  байна. Баялаг бүтээгч хамт олондоо талархахын зэрэгцээ ажлын өндөр амжилт хүсье.

 
Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 29 7-р сар 2020 07:06
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш