logo
Бизнес дэх хээл хахуулийн нөлөөллийн талаарх судалгаа

Бизнес дэх хээл хахуулийн нөлөөллийн талаарх судалгаа

2020/09/10

Кембрижийн Бизнесийн сургуулийн профессор Рагу Рау болон бусад судлаачдын хамтран явуулсан судалгаагаар хээл хахуульд зарцуулсан 1 доллар нь хээл хахууль өгсөн компанийн үнэ цэнийг 6-9 доллароор өсгөх хамаарал байгааг тогтоосон бөгөөд уг судалгаа нь хээл хахуулийн талаарх нийтлэг итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлээд байна.

Хээл хахууль бол дэлхийн улс орнууд болон компаниудын анхаарлын төвд байдаг нэгэн чухал асуудал. Сүүлийн жилүүдэд Сименс, ВАе систем, Локхид Мартин, Халлибуртон зэрэг үндэстэн дамнасан томоохон компаниуд төрийн албан хаагчдад хээл хахууль өгсөн талаарх мэдээллүүд гарсан. Улмаар тухайн компаниуд ихээхэн хэмжээний торгууль төлөх тохиролцоонд хүрч холбогдох хэргийг шийдвэрлэж байна.

Гэвч компаниуд хээл хахуулиас олох үр ашгийг юу тодорхойлдог вэ?

Энэ судалгаагаар хээл хахуулийн хэмжээ болон компанийн авах үр ашгийн хоорондын хамаарлыг тогтоох зорилгоор сүүлийн 40 гаруй жилд ил болсон 200 орчим хэргийг судалж үзэхэд хээл хахуульд өгсөн 1 доллар нь тухайн компанийн зах зээлийн үнэлгээг 6-9 доллароор нэмэгдүүлсэн дүнтэй байна. Энэхүү дүгнэлт нь зарим нийтлэг итгэл үнэмшлийг үгүйсгэж, мөн хээл хахуулийн хэмжээ нь хээл хахууль өгөгч компанид ирэх ашгийн хэмжээнээс хамааралтай, эсхүл хээл хахуулийн эсрэг хууль сахиулах ажиллагаа нь компаниудын олох ашгийн хэмжээг бууруулдаг гэсэг таамаглалуудыг дэмжихгүй байна.

Хээл хахууль нь хууль бус, далд үйлдэгддэгтэй холбоотойгоор өмнө нь хийгдэж байсан ихэнх судалгаанууд асуулга болон макро түвшинд авлигын төсөөллийн судалгаануудыг ашигласан байдаг. Хэдий тийм ч, эдгээр судалгаанд оролцсон компаниуд асуулгад үнэн зөв хариулахгүй байх, эсхүл авлигын төсөөлөлд хэвлэл мэдээллийн нөлөө орох боломжтой өндөр билээ.

Энэ удаагийн шинэ судалгаагаар хээл хахуулийн талаарх нийтлэг таамаглалуудыг шалгахын тулд хээл хахуулийн талаарх баримтжуулсан мэдээллийг ашиглан  хээл хахуулийн үр ашгийг микро түвшинд судлахын тулд өмнөхөөс өөр арга зүйг ашигласан байна. “Менежментийн шинжлэх ухаан” сэтгүүлд удахгүй нийтлэгдэх уг судалгаагаар 40 гаруй жилийн (1975-2015) хугацаанд 60 улс оронд албан тушаалтнуудыг хахуульдсан 24 хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 195 томоохон компанийн хээл хахуулийн мэдээллийг судалж үзсэн байна. Судалгаанд ашигласан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компанийн мэдэгдэл, төрийн байгууллагууд дахь баримт зэргээс гарган авсан байна.

Судалгаагаар хээл хахуульд холбогдсон томоохон гэрээний талаарх мэдэгдэл гарсан үеийн зах зээл дэх компанийн үнэ цэнийг харьцуулсан байна. Үүний үр дүнд хээл хахуульд зарцуулсан нэмэлт 1 доллар нь тухайн компанийн үнэ цэнийг 6-9 доллароор нэмэгдүүлж байгааг тогтоосон бөгөөд энэ нь хээл хахуулийн хэмжээ болон хүртэх үр ашгийн хэмжээний хооронд хамаарал байгааг илэрхийлж байна.

Жишээлбэл, 1999 онд Өмнөд Африкт сөнөөгч онгоц нийлүүлэх 2.5 тэрбум долларын гэрээний асуудлаар Британийн батлан хамгаалахын гэрээлэгч “BAe Systems” компанийн оролцсон хээл хахуулийн мэдээллийг судалж үзэхэд “BAe Systems”-ийн хувьцаа эзэмшигчид өөрийн өгсөн 1 долларын хээл хахууль тутмаас 8.3 долларын ашиг хүртсэн байна (Зах зээл дэх компанийн үнэ цэнийн өсөлтийг өгсөн хахуульд нь харьцуулсан). Энэ хэрэг олон улс орон дамнасан мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны эцэст 2010 онд хуурамч мэдүүлэг, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлаар “BAe Systems” компани нь АНУ-ын Хууль зүйн яам, Их Британийн Онц хүнд гэмт хэргийг мөрдөх газарт 400 сая долларыг төлөх тохиролцоог хийснээр эцэслэсэн байдаг.

Судалгааны дүнгээр зарим таамаглалыг шалгасан байна. Тухайлбал, хээл хахуулиас олж буй үр ашиг нь тухай улсын институцийн чанартай холбоотой эсэх талаарх таамаглалуудыг шалгахад харилцан адилгүй үр дүнтэй байв. Харин улс төрчдийн орлогын их үүсвэр нь олон нийтэд ил мэдээлэгддэг улс оронд хээл хахуулиас олох үр ашиг нь харьцангуй бага байв. Үүний эсрэг авлига өндөртэй, эсхүл ерөнхийдөө хууль сахиулах үйл ажиллагаа нь үр дүн багатай улс оронд хээл хахуулиас олох үр ашиг нэмэгдэж байв. Харин тодорхой төрлийн хээл хахуулийн эсрэг хууль сахиулах ажиллагаа явуулдаг, эсхүл дэглэмийг шинж (ардчилсан, эсхүл автократ) нь хээл хахуулиас олох үр ашигт нөлөөгүй байна.

Мөн үр ашиггүй хүнд суртлын улмаас зогсонг байдалд орсон төрийн үйлчилгээг хээл хахууль нь хурдасгаж, үр ашиггүй зардлыг бууруулж чаддаг гэсэн таамаглал ч дэмжигдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш