logo
Азийн хөгжлийн банкны төслийн удирдагчтай цахим уулзалт хийлээ

Азийн хөгжлийн банкны төслийн удирдагчтай цахим уулзалт хийлээ

2020/09/11

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч, төслийн удирдагч Деклан Магийтай цахимаар холбогдож, тус банкнаас улсын бүртгэлийн байгууллагад техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох" төслийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг сайжруулахаар хэд хэдэн томоохон ажил хийж байгаагийн нэг нь АХБ-ны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн хүрээнд анх 50 нэгжийг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбоно гэж төлөвлөж байсан бол өнөөдөр 180 гаруй нэгжийг холбоод байна. Энэ бол улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилт болох иргэдэд үзүүлэх үйлчилгээг тогтвортой, чанартай, шуурхай гэсэн зарчмыг хангахад уг төсөл ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн 2018 онд эхлүүлсэн төслийг өргөжүүлэн нэмэлт санхүүжилтийг шуурхай шийдвэрлэхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн төслийн удирдагч Деклан Магий болон төслийн багт талархал илэрхийллээ. Нэгжүүд буюу алслагдсан сум, дүүргүүд сүлжээнд холбогдсоноор харьяалал харгалзахгүй үйлчилгээг авч байгаа нь бидний хамтран хэрэгжүүлж буй төслийн зорилго үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм гэв. 

Төслийн удирдагч Деклан Магий уулзалтын эхэнд АХБ-ны хувьд төслийн эхлэл, хэрэгжилтийг сайн мэддэг хүн УБЕГ-ын даргаар томилогдсонд баяртай буйгаа хэлж байв. Тэрбээр, хоёр жилийн хугацаанд АХБ-ны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав. Үүнд, хууль эрх зүйн хүрээнд 29 журам, 58 эрх зүйн актуудыг хамтран боловсруулсан. Энэ хугацаанд Улсын бүртгэлийн багц хуулийг олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс англи хэл рүү хөрвүүлэх, улсын бүртгэлийн байгууллагын вэбсайтыг шинэчлэх, мөн иргэний улсын бүртгэлийн төрөлт, нас баралт, иргэдэд мэдээлэх системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг ажлуудыг танилцуулав.

Талууд үргэлжлүүлэн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологиудыг ашиглах талаар, мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтад УБЕГ-ын Тамгын газрын дарга Г.Цолмон, Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсийн дарга Г.Хэрлэн, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн, Санхүү, захиргааны мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцав.

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш