logo
ХАБЭА-н үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, үнэлэх чиглэлээр гарын авлага гарган, ашиглаж эхэллээ

ХАБЭА-н үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж, үнэлэх чиглэлээр гарын авлага гарган, ашиглаж эхэллээ

2020/09/17
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 2020 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан ХАБЭА-н хэлтсээс үзлэг шалгалт тогтмол хийгдэж буйг хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээллээ. Тухайлбал, Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, Ус хангамжийн цехэд цэвэрлэх гуравдугаар шугам, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл барих ажлуудыг аюулгүй ажиллагааны өндөр түвшинд гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөж, биелүүлэхэд тус хэлтэс хяналт тавин ажиллаж байна. 

     ХАБЭА-н хэлтэс өнгөрсөн 5, 6 дугаар саруудад ослоос сэргийлэх эрчимжүүлсэн аяныг өрнүүлжээ. Энэ аяны хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн цехүүдэд шалгалт хийж, анхан шатны удирдах ажилтнуудын санаачилга, оролцоо ХАБ-ын үйл ажиллагааны сайжруулалтад чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор тус хэлтсээс хүнтэй ажиллах буюу “1 минутын удирдлага”, ХАБ-ын урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн төлөвлөх, ХАБ-ын ажилтнуудаа хэрхэн үнэлэх гэсэн гурван түвшний гарын авлага бэлтгэж, ашиглаж эхлээд байна. ХАБЭА-н дүрэм, зааврыг таниулах гол ажлыг анхан дунд шатны ажилтнууд хариуцдаг учир тэдний арга барилыг өөрчлөх, шинэ мэдлэгээр хангах, зөв хандлага эзэмшихэд ч энэхүү гарын авлага үр дүнтэй болжээ.  Мөн ХАБЭА хариуцсан бүх ажилтнуудаа тус бүр нь 6 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг болгон хувааж, өдөр тутмын аюулгүй ажиллагаанд гарч буй асуудлыг ярилцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, бие биеэсээ суралцах чиглэлээр сургалт, үйл ажиллагааг тогтмолжуулж байна. Түүнчлэн ХАБЭА-н ISO 45001 олон улсын стандарт нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтарч, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж буй аж.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэлүүд

Дээш