logo
Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо

Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо

2020/09/18

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ онд Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн сургууль баригдаж, ашиглалтад орж буйн нэг нь нийслэлийн 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга юм.

Тус сургууль Налайх дүүргийн гурав болон дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг төдийгүй гэр хорооллын дунд оршдог. Дээрх хороодод өөр сургууль байхгүй. Тиймээс энэхүү өргөтгөл нь Налайх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн хөрөнгө оруулалт боллоо. 109 дүгээр сургуульд 2006 оноос хойш 12 бүлэгт 410 орчим бага насны 1-5 дугаар ангийн хүүхэд суралцдаг байсан бол одоо 25 бүлэгт 1000 орчим хүүхэд суралцах сайхан боломж нээгдэж таатай орчинд хүүхдүүд хичээлээ эхэллээ.

Сургуулийн шинэ өргөтгөлийн нээлт өнөөдөр болж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, “Жайка”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг дараах дүүргүүдэд барих ажил 2017 онд эхэлсэн билээ.

1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,
4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга

Сэтгэгдэлүүд

Дээш