logo
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны цахим хурал болж өндөрлөлөө

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны цахим хурал болж өндөрлөлөө

2020/09/23

Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос сонгогдон ажиллаж байна. Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ДСБХ-ны Энэтхэгийн төвийг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд гишүүн орнуудын сонгуулийн байгууллагуудын мэдээлэл бүхий цахим хуудас ажиллуулах, олон улсын хурал, олон талт арга хэмжээ зохион байгуулахаар санаачлан эхлүүлээд байгаа билээ. Уг санал санаачлагын хүрээнд 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатарын цагаар 17:30 цаг (Энэтхэгийн цагаар 15:00 цаг)-аас 4 цаг гаруй үргэлжилсэн цахим хурлыг амжилттай зохион байгууллаа.

Цахим хуралд ДСБХ-ны гишүүн сонгуулийн байгууллагуудын удирдлагууд оролцож, Ковид-19 цар тахлын үеийн сонгууль зохион байгуулах ажилд тулгамдаж буй асуудлууд, боловсруулан мөрдсөн дүрэм журмын талаар болон сонгуулиа амжилттай зохион байгуулсан улс орнуудын илтгэлийг сонсч, туршлагаа хуваалцав.

Цахим хурлыг Энэтхэгийн сонгуулийн хорооны дарга Сунил Арора нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү цахим хурлаар дамжуулан гишүүн орнууд сонгуулиа цар тахлын үед зохион байгуулж буй талаар, сонгууль зохион байгуулалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг ажилд хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж байгаа нь цаашид сонгуулиа хойшлуулах бус хугацаанд нь зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Энэтхэг Улсад 2019 болон 2020 онд явагдсан Бүх нийтийн сонгууль, орон нутгийн болон нөхөн, дахин сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.” хэмээлээ.

Мөн 2020 онд цар тахлын үед сонгуулиа зохион байгуулсан Малави, Өмнөд Солонгос, Монгол зэрэг орнуудын туршлагаас нийтэлсэн товхимолыг ДСБХ-ны Энэтхэгийн төвөөс эрхлэн гаргасан тухайгаа танилцуулж, цахим хуралд оролцогч байгууллагуудад талархал илэрхийлжээ.

Цахим хурлын ажиллагаа хоёр хэсэгтэй явагдаж, манай улс сонгуулиа хэрхэн зохион байгуулсан талаарх илтгэл, танилцуулгаа эхний хэсгийн хуралдааны үеэр Улаанбаатарын цагаар 19:00 цагаас хийв.

 СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран илтгэлдээ Монгол Улс өнгөрсөн 6 дугаар сард явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, дүрэм журмыг сайтар дагаж мөрдөн эрсдлээс сэргийлсэн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан гэдгээ илэрхийлэхийн сацуу залуусын санаачлагаар “Дээлтэй монгол” сонгуулийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан нь иргэд сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлсэн арга хэмжээ болсныг ч илтгэлдээ онцлон хэлсэн юм.

Цахим хурлын үйл ажиллагааг хааж Энэтхэгийн Сонгуулийн комиссын дарга, орлогч дарга, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA)-гийн нарийн бичгийн дарга, Олон улсын сонгуулийн тогтолцооны сан (IFES)-гийн Ерөнхийлөгч, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (A-WEB)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэлж, арга хэмжээнд оролцсон сонгуулийн байгууллагуудын удирдлагуудад талархал илэрхийлж, дэлхий нийтэд ардчилалыг бэхжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш