logo
Эрдэнэтийн “Зайсан” эздээ дуудан сүндэрлэнэ

Эрдэнэтийн “Зайсан” эздээ дуудан сүндэрлэнэ

2020/09/30
Улаанбаатар хотын “Зайсан толгой” орчмын барилгуудын хийц, чанар чансаа дээд зэрэглэлийн сайн, тэр хэрээр үнэлгээ өндөр учраас баячууд л амьдардаг гэсэн ойлголт нэгэнт бий болсон. Тансаг орд харшийг дагаад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гээд өндөр хөгжилтэй барууны оронд ирчхэв үү, гэж андуурмаар. Тэгвэл Эрдэнэт хотод Баян-Өндөр хайрхны энгэрт утаа униар, хотын дуу чимээ, тоос шорооноос хол өвөрмөц нэгэн хороолол эрчтэй сүндэрлэж байна. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагчдаа орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин” цогцолбор хорооллын төсөл хөтөлбөрийн эхлэл бүтээн байгуулалт юм. Орон сууцны уг хөтөлбөр гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхнийх нь өвөлтэй уралдан баригдаж буй залуу ажилчдад зориулсан, 1300 айлын орон сууцны “Уурхайчин-1” хороолол. Дараагийнх нь 80, 90 м2  бүхий том талбайтай, 600 айлын орон сууцны “Уурхайчин-2” хороолол баригдах бэлтгэл хангагдсан. Гурав дахь нь 400 айлын амины орон сууцны “Уурхайчин-3” төсөл шил шилээ даран сүндэрлэнэ. Евро стандарт чанартай, өндөр барилгуудаас бүрдсэн, орос цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний газар төвлөрсөн “уурхайчдын” гэх тодотголтой орчин үеийн иж бүрэн хороолол хойд өндөрлөгийг тэр чигт нь эзлэн удахгүй гэрэлтэх болно. Эрдэнэтийн “зайсан” хэмээн нэрийдсэн нь ийм учиртай.   

     “Уурхайчин- 1” хорооллын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж сурвалжлахаар Баян-Өндөр хайрхан зүг хүлгийн жолоо заллаа. Эхний ээлжийн дөрвөн блок барилга битүүрэх дөхжээ. Гадна талбайд кран эргэлдэн чөлөөгүй ажиллана. Цонх, дотор заслын ажил эхэлж байгаа бололтой ажилчдын олонх нь барилга дотор тонголзоно. Гүйцэтгэгч “Химон констракшн”-ын ахлах инженер И.Батчулуун биднийг угтаж, барилгын ажлын гүйцэтгэл 75 хувьтай явааг танилцууллаа. Эхний барилгын гадна фасад хийгдсэн нь содон агаад үзэмжтэй. Нэмэлтээр гурван үе гадаргуугийн материал хэрэглэсэн нь дулаалгын хөөсөө сайн хамгаалаад зогсохгүй өөрийгөө цэвэрлэдэг, тоос шороо тогтдоггүй японы Кансай брэндийн эмульс ашиглажээ. Он удаан жилийн явцад өнгө үзэмжээ алдахгүй гэнэ. “Дөрвөн блок барилгыг уурхайчдын баярын өмнө нэгэн зэрэг ашиглалтад оруулахаар шамдаж байна. Байрны үүдний хэсгийн том талбай анхаарал татав. Энд зочид буудлынх шиг угтан үйлчлэх ресейпшин байхаар тохижуулах бөгөөд айлд орох онцын шаардлагагүй хүнтэй үүдэнд уулзах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат тайлбарласан нь тун догь шийдэл санагдсан. 

     Бүрэн цутгамал энэ орон сууцны цахилгааны утас нь ОХУ-д үйлдвэрлэсэн СИФ брэндийн зэс голтой кабель байна. Сантехникийн материал, цэвэр, бохир усны шугам хоолойнууд нь Турк, Герман улсад үйлдвэрлэсэн, олон улсын стандарт шаардлага хангасан, зэсрэлт үүсэхгүй, 100-150 жилийн эдэлгээтэй PPR брэндийнх, гэрэлтүүлэг нь эрчим хүч бага зарцуулдаг лед гэрэл байх жишээтэй. Ванн, жорлон, угаалтуур гээд тоноглол нь Хонконгийн ORANS брэндийнх. За, тэгээд обой нь Японоос, паркет нь Германаас ирж байгаа дуулдана. Мөн, нэгдүгээр зэргийн гоёмсог өнгөлгөөтэй чулуун плита, ОХУ-д үйлдвэрлэсэн модон хаалга гээд евро стандартад нийцсэн шилдэг бүхнийг энд цогцлоохоор зэхэж. Нэг давхрын таван айл группээрээ үүдний хэсгээ тохижуулж, энгийн шатаар явахгүй зөвхөн смарт цахилгаан шатаар зорчих боломжтой. Мөн 5 одтой зочид буудалд амьдарч буй хүний жишгээр смарт картаа уншуулахад цахилгаан шат өөрийн давхарт нь шууд хүргэнэ. Энгийн шат нь лифтны хонгилоос тусгаарлагдсан болохоор гаднын хүн нэвтрэхээс бүрэн хамгаалагдсан учир аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдсэн. Интернетийн өндөр хурдны шилэн кабельд холбогдох учраас гурвалсан үйлчилгээг нэг дор хүртэх боломжтой. Домофон системийн тусламжтай гэрээсээ орцны хаалгаа онгойлгож болно гээд олон давуу талтай байхаар шийджээ. Хотхоны голын хэсгүүдэд хүүхдийн тоглоом, сагс болон хөл бөмбөгийн талбай байгуулах юм байна. Эргэн тойрон 70 гаруй машины зогсоолтой. Мөн гурван подвалд машинууд байрлахаар зохион байгуулжээ. 

     Эрдэнэт үйлдвэрийн 140-өөд ажилтан “Уурхайчин-1” хороололд байр авах захиалга өгчээ. Одоо наран талдаа, ашигтай байрлалтай, бага м2-тай хоёр өрөө байрууд ихэвчлэн үлдсэн байна. Евро стандартын чанартай орон сууцны 1 м2-ын ханш 1 сая 650 мянган төгрөг байгаа нь хаана ч байхгүй хямд үнэлгээ гэдгийг Маркетингийн хэлтсийн зах зээл судалгааны мэргэжилтнүүд онцолсон. Учир нь хамгийн сайхан байршилтай газрыг Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд авсан, шугам сүлжээ, дэд бүтцийг үйлдвэрийн газар өөрөө татсан учраас байрны үнэ ийм хямд байх нөхцөл бүрджээ. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөгөө байрны урьдчилгаандаа оруулаад банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Сүүлд, Нийгмийн харилцааны хэлтсийнхэн орон сууцны дэмжлэгийн журмыг шинэчилснээр Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэр бүлийн хос хоёулаа 12 сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл тэд үйлдвэрээсээ 24 сая төгрөг нэг дор авч, хүссэн байраа сонгож амьдрах сайхан боломжийн эзэд. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр Улаанбаатар хотод болон бусад орон сууцны хороололд байр авах хүмүүст квот тогтоон дэмжлэг олгож байгаа бол “Уурхайчин” хорооллоос байр сонгоход квот хамаарахгүйн дээр эхний ээлжид шийдэж өгч байна. Эрдэнэт үйлдвэр өөрийн хэрэгжүүлж буй төслөө дэмжих нь зүйн хэрэг. “Химон констракшн”-ын орон сууцны захиалга авах газар 4-р бичил хорооллын 14-р байрны хоёрдугаар орцонд байрлаж байгааг ч танилцуулав. Харилцах утасны дугаар нь 99087993, 99105815 гэсэн. 

     Тэндээс холгүй “Уурхайчин-3” хорооллын бүтээн байгуулалтын газар шорооны ажил эхэлсэн харагдана. Он дуусахаас өмнө 70 айлын амины орон сууц баригдах аж. Хоёр жилийн дараа гэхэд Эрдэнэтийн “зайсан” төрхөө олж, хүн бүрийн сонирхол татсан бүс болох нь дамжиггүй.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш