logo
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзлээ

2020/10/05

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочилж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцав. Үзэсгэлэнгийн агуулга нь цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг харуулахад чиглэжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны 01 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсролын салбарт цахим шилжилт хийх талаар дараах цогц зорилтуудыг дэвшүүлсний дагуу БШУЯ төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн гэдгийг салбарын удирдлагууд танилцуулж байна.

• Цахим онлайн сургалтын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх,

• Бүх шатны боловсролын байгууллагыг шаардлага хангасан мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, орчин нөхцөлийг бүрдүүлэх, сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгох,

• Цахим контент, цахим хичээл бэлтгэх, хөгжүүлэх, багшийг мэдээлэл харилцаа холбоо технологид суурилан сургалт явуулах арга зүйд сургах, тэгш хамран сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал эрс сайжирна гэж үзэж байна.

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнгийн үеэр боловсролын сургуульд сургалтын удирдлагын системийн туршилтыг хэрэгжүүлэх “Ай Ти Си групп”, “ЕСМ”, “Мексим консалтинг”, “Амжилт дотком”, “Эй плас интернэйшнл”, “Гранд Ай Ти”, сурагчийн ирцийн бүртгэл, сурах бичгийн түрээсийн үйлчилгээ, хүүхдийн үдийн цайны хяналт, бүртгэлийн үйлчилгээний туршилтыг хэрэгжүүлэхээр “Гэрэгэ системс”, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан контент бүхий платформ, гар утасны аппиликейшн хөгжүүлэх “ТомЁ Эд Тек” зэрэг үндэсний найман компанитай БШУЯ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр компани нийгмийн хариуцлагын хүрээнд цахим туршилтыг үнэ төлбөргүйгээр нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 90 сургууль, цэцэрлэг дээр гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дараах багц мэдээллийг багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагч, оюутнуудад зориулан танилцуулж байна.

1. Боловсролын салбарын мэдээллийн систем, түүгээр дамжуулан иргэдэд, олон нийт, шийдвэр гаргагч нарт хүргэж буй цахим үйлчилгээ

2. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хяналт, төлөвлөлтийн цахим систем

3. Уламжлалт сургалтын үйл явцыг мэдээллийн технологитой интеграцчилсан сургалтын удирдлагын систем (Хувийн хэвшил)

4. Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим систем (Боловсролын үнэлгээний төв)

5. Их дээд сургууль дээр хэрэгжүүлж буй цахим үйлчилгээ болон сургалтын удирдлагын систем (Их, дээд сургууль)

Үзэсгэлэнгийн хүрээнд Улаанбаатар хот, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан нарт зориулсан сургалтын удирдлагын систем (LMS)-ийн ерөнхий ойлголт, мэдээлэл, давуу тал, хэрэгжүүлсэн сургуулиудын үр дүнгийн талаар сургалт зохион байгуулж байгаа юм.

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг дуустал Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн наймдугаар байрны 12 давхарт үргэлжилнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш