logo
Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Залуу эрдэмтдийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

2020/10/12
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн энэ сарын 9-ний өдөр  Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа.
 
Монгол, Францын археологийн экспедиц 1993 онд байгуулагдсан бөгөөд 2003 онд хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажил эхлүүлсэн. Улмаар Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага судалгааг 1996-2014 оны хооронд 55 дурсгалт газарт хийж, нийтдээ 200 гаруй олдворыг Францын хамтрагчид сэргээн засварлаж Монголын талд хүлээлгэн өгснийг талууд онцлон тэмдэглэлээ.
 
Цаашид шинжлэх ухааны салбарт залуу эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлж, инновац, технологийн салбарт туршлага судлуулах талаар санал солилцож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Л.Цэдэвсүрэн илэрхийллээ.
 
Боловсролын салбарын хувьд 1996 оноос хойш Монгол Улсаас 150 гаруй оюутан, багш Францад боловсрол эзэмшиж, мэргэжил дээшлүүлж, 50 орчим хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагдсан байдаг. Шинжлэх ухаан болон боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэ шатанд гаргаж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэлүүд

Дээш