logo
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020/10/30

УИХ-ын чуулганы энэ сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Ц.Мөнх-Оргил гишүүн танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай болон нээлттэй явуулж, холбогдох санал, дүгнэлт гаргана. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна. Хуралдаан даргалагч мэтгэлцээний хугацааг 60 минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээний хугацаа дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг “Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудлаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно.” гэж өөрчлөхөөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 11 дүгээр cap байхаар өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “4/39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг: 39.1.Холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай болон нээлттэй явуулж, холбогдох санал, дүгнэлт гаргана. Шаардлагатай гэж үзвэл Байнгын хороо төслийн тодорхой зүйл, хэсэг, заалтын талаар мэтгэлцээн явуулна. Хуралдаан даргалагч мэтгэлцээний хугацааг 60 минутаас илүүгүй байхаар тогтоох бөгөөд гишүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломж олгоно. Мэтгэлцээний хугацаа дуусмагц хуралдаан ердийн дэгээр үргэлжилнэ.” гэж өөрчлөн найруулахыг гишүүд 73.9 хувийн саналаар олонх дэмжив. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг “Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд тухайн асуудалд томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, үг хэлж болно.” гэж өөрчлөхийг гишүүдийн 59.6 хувь нь дэмжсэн. Мөн төслийн 5 дугаар зүйлийн “10 дугаар” гэснийг “11 дүгээр” гэж өөрчлөхийг мөн гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү тус өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэлүүд

Дээш