logo
Уриалга

Уриалга

2020/11/06
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шилэн дансны мэдээллийг илт мушгин гуйвуулж, гүтгэн доромжилсон байдлаар цацах боллоо. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олны амжилтыг зорилготойгоор харлуулж, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь холбогдох хууль тогтоомж, төр захиргааны байгууллагаас тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй. Жил бүрийн зорилтот түвшингээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулж, үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны болон бусад шаардлагатай мэдээллийг “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн дагуу олон нийтэд ил тод мэдээлж байна.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, хамт олон сайн засаглалын зарчмуудыг баримталж, менежментийн оновчтой бодлого хэрэгжүүлж байна. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, наанадаж 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн 2019 онд 32.2 сая тн хүдэр боловсруулж, 2.2 их наяд төгрөгийн борлуулалт хийн 961.8 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн юм.

Шинэ коронавирусын цар тахал дэлхий нийтийг хамарч буй энэ цаг үед нийгэм, эдийн засагт  үүсээд буй хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан штабын зохион байгуулалтаар ажиллаж байна. Үүний үр дүнд 2020 онд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг оны эхнээс давуулан биелүүлж, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 онтой харьцуулахад 4.4 дахин их орлогыг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр байна.  

Монгол Улсын Засгийн газар 2019 онд “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг сайшаан дэмжиж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан.  

Энэхүү хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан төслүүдийг 2019 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Үр дүнд нь хүдэр боловсруулах хүчин чадлыг 40 сая тоннд хүргэх, өртөг зардлыг бууруулах, 1,500 гаруй ажлын байрыг шинээр бий болгох, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдээд байна.

Эрдэнэт үйлдвэр нь нэг хоногт 6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг дэлхийн  томоохон үйлдвэрийн нэг юм.

Хоногийн 24 цагийн туршид тасралтгүй ажилладаг уурхайчид бидний хувьд, дэлхий дахинд аюулт цар тахал нүүрлэсэн энэ цаг үед үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг ханган улс орны төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх нь юу юунаас илүү чухал байна. Улс орны эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцэж, эх орныхоо хөгжлийг урагшлуулахын төлөө шаргуу хөдөлмөрлөж буй уурхайчид бидэнд нэг минут ч зогсох эрх байхгүй.  

Иймд олон нийтийн цахим сүлжээгээр тарааж байгаа гүтгэлгийн шинжтэй, тодорхой баримт материалын агуулга, шинж чанарыг санаатайгаар гуйвуулсан аливаа мэдээлэлд төөрөлдөхгүй байхыг АРД ТҮМЭНДЭЭ, Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДДАА УРИАЛЖ байна.  

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС,  
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Сэтгэгдэлүүд

Дээш