logo
Эмгэнэл

Эмгэнэл

2020/11/29

ГҮНДСАМБУУГИЙН САНДУЙЖАВ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, нэрт геологич Гүндсамбуугийн Сандуйжав 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр таалал төгсөж, хамт олон бидэнд хүнд гарз тохиолоо. 

Г.Сандуйжав нь 1940 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг, Цахирын өвөр хэмээх газар мэндэлжээ.

1948-1958 онд бага, дунд сургууль дүүргэж, 1961-1966 онд Прага хотын Карлын их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн. 1966-1972 онд Эрдэнэтийн овооны ордын геологи хайгуулын ангид инженер, ахлах инженер, ахлах геологич, ерөнхий геологич, 1972-1978 онд ТЭХҮГЯ-ны дэргэдэх геологийн үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний институтэд өнгөт металлын тасгийн эрхлэгч, 1981-1988 онд ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөх мэргэжилтэн,1988 оноос гавьяаныхаа амралтад гарах хүртлээ "Эрдэнэт" үйлдвэрийн Геологи хайгуулын ангид ахлах,ерөнхий геологич,даргаар ажиллаж байв.

1966-1968 онд Монгол-Чехословакийн хамтарсан геологийн Экспедицийн Эрдэнэтийн Овоо дахь эрэл–үнэлгээний хайгуулын ажилд тэрбээр Монголын талыг түүчээлэн оролцож, Эрдэнэтийн овооны урьдчилсан хайгуулыг богино хугацаанд дуусгах,геологийн нөөцийг тогтоох,зэс молибдены үйлдвэрийг барих нэн хариуцлагатай үүргийг тухайн үед үүрч гарсан гавьяатнуудын нэг байлаа.

Төрийн соёрхолт, геологич Г.Сандуйжав нь Дорноговийн Цагаан суваргын ордыг нээн илрүүлэх, Хөтөлийн Шохойн чулууны ордын ашиглалтын болон гүйцээх хайгуул, Заамарын алтны шороон ордын эрэл хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт геологич байв.

Монгол Улсын геологи уул уурхайн үйлдвэр, эдийн засгийн салбарт чухал ач холбогдолтой, дэлхийд томоохонд тооцогдох зэс-молибдений их нөөц бүхий Эрдэнэтийн ордын хайгуулын бүх шатны ажилд оролцсон түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн 1973 онд Төрийн шагнал олгож, Монгол, Чехословак улсын тэргүүний геологич цол тэмдэг, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын Хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Геологи-уул уурхайн яамны тэргүүний ахмад ажилтан, Эрдэнэт хотын хүндэт иргэн, Аж үйлдвэрийн гавьяат цол, тэмдэгээр шагнаж байв.

Талийгаач нь геологичдын дунд нэр хүндтэй, төлөв даруу, зарчимч шударга,хөдөлмөрч нэгэн байлаа. Түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, шударга зан чанар найз нөхөд, шавь нар, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, Эрдэнэтийн мянга мянган уурхайчид, үр хүүхдүүдэд нь үүрд дурсагдах болно.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Сэтгэгдэлүүд

Дээш