logo
Монгол Улсын Хөгжлийн банкны  санхүүжилтээр “Дулааны IV цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэв

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “Дулааны IV цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэв

2021/01/12

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн турбоагрегат 1-4  шинэчлэх төслийг хэрэгжүүлж дууслаа. 

“Дулааны  IV цахилгаан станц” ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банк үе шаттайгаар хамтран ажилласаар ирсэн. Анх 2015 онд Турбоагрегат 7 шинэчлэл төслийг санхүүжүүлж эхэлсэн бөгөөд тус төсөл бүрэн хэрэгжиж дууссан. Тус төслийн санхүүжилтийн зээлийн эргэн төлөлт энэ онд бүрэн төлөгдөж дуусах юм. Турбоагрегат 7-г шинээр суурилуулснаар хүчин чадлыг 123 МВт нэмэгдүүлсэн.

Харин 2018 оноос Турбоагрегат 1-4 шинэчлэх 3 үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Тус төслийн санхүүжилтийг хуваарийн дагуу олгож байгаа бөгөөд 2020 оны жилийн эцсийн байдлаар 70.3 сая еврогийн санхүүжилтийг олгожээ.  Тус санхүүжилтийн төлбөр  хуваарийн дагуу төлөгдөж байгаа бөгөөд 2026 онд зээл төлөгдөж дуусна.  Хөгжлийн банкны зүгээс өөрийн хөрөнгө, эх үүсвэрийн зохицуулалтын хүрээнд төслийн санхүүжилтийг өртөг багатай эх үүсвэрээр хангаснаар төслийн хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэх, Монгол улсын өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэгцээг хангах боломжийг бий болголоо.

“Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 1986 онд ашиглалтад орж, түүнээс хойш шинэчлэл хийгдээгүй элэгдэж, хуучирсан турбины төхөөрөмжүүдийг шинэчлэх төслийг эхлүүлсэн нь ийнхүү амжилттай хэрэгжиж дууслаа.  Ингэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системийн хэрэглээний өсөлтийг хангах Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг  89 МВт-аар өргөтгөв.  Энэ нь 10 аймгийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээний эх үүсвэрийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон гэсэн үг юм. Түүнчлэн  Турбоагрегат №3-ын өргөтгөл ашиглалтад орохоос өмнө ОХУ-аас  импортолдог цахилгаан эрчим хүчний хэмжээ 250 МВт байсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 110 МВт-аас хэтрэхгүй болсон байна.

Сэтгэгдэлүүд

Дээш